Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй ажлын хэсэг өчигдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Ажлын хэсэг “Дархан арьс, ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалттай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын шугам хоолойн ажил 80 хувьтай, дэд станцын ажил 90 хувьтай нийтдээ ажлын явц 40 гаруй хувьтай байна.
Монгол Улсад жилд дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэх нөөцтэй. Түүхий эдийн арвин нөөц боломжтой ч бэлтгэх тогтолцоо, тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас малын гаралтай түүхий эдийн үнэ цэнэ, бэлтгэн нийлүүлэлт, нэмүү өртөг шингээсэн экспортын хэмжээ хангалтгүй байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхээр “Дархан арьс ширний цогцолбор” ХХК нь 2015 оноос туршилт, судалгааг эхлүүлэн “Дархан арьс, ширний цогцолбор”-ыг барих төслийн ажлыг 2018 оноос эхлүүлж ХХААХҮЯ-тай хамтран ажиллаж байна.
Төслийн хүрээнд жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах, ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт , түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд баригдах юм. Тухайлбал,
• Бог малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт- 9-н үйлдвэр
• Бод малын арьс шир боловсруулах үйлдвэр, агуулахын хамт- 4-н үйлдвэр
• Ноос, ноолуур угаах, самнах үйлдвэр – 2 үйлдвэр
• Эсгийний үйлдвэр- 2
• Желатин уургийн үйлдвэр-1
• Судалгаа хөгжил, инновацийн төв
• Үйлдвэрийн зориулалттай цэвэрлэх байгууламж
• Цахилгаан дамжуулах дэд станц зэргийг барихаар төлөвлөжээ.
Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арьс ширний цогцолбор байгуулснаар 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэд байнгын ажлын байртай болох боломжтой юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ