Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) шинэ коронавирусын халдварын нэг өдрийн өсөлтийг бүртгэхэд 24 цагийн хугацаанд 307,930 хүн бүртгэгдсэн байна.
Тус байгууллагаас мэдээлснээр нас баралт 5500 гаруйгаар нэмэгдэж, нийт 917,417 хүн нас баржээ.
Халдварын хамгийн их өсөлт Энэтхэг, АНУ, Бразилд бүртгэгдсэн байна.
Дэлхий даяар 28 сая гаруй тохиолдол байгаагийн 50 орчим хувь нь Америк тивд бүртгэгдсэн байна.
ДЭМБ-аас энэ сарын 6-ны өдөр 306,857 шинэ халдварын талаар мэдээлж байв.
Халдвар хаана хамгийн их өсөлттэй байна вэ?
ДЭМБ-ын мэдээлснээр Энэтхэг улсад ням гарагт 94.372 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол АНУ 45.523, Бразил 43.718 тохиолдол бүртгэгдсэн байна.
АНУ, Энэтхэгт 1000 гаруй шинэ нас баралт бүртгэгдсэн бол Бразил сүүлийн 24 цагийн дотор тус халдвараар 874 хүн нас барсан гэж мэдэгджээ.
Энэтхэг нь батлагдсан тохиолдлын тоогоороо АНУ-ын дараа буюу хоёрдугаарт бичигддэг. Өнгөрсөн 8 дугаар сард Ковид-19-ийн хоёр сая шахам тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойшхи дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй сар болжээ.
Албан ёсны мэдээллээр тус улсад өдөрт дунджаар 64000 тохиолдол бүртгэгдэж байсан нь долдугаар сарынхаас 84% -иар өссөн байна. Амиа алдагсдын тоо 9-р сарын эхнээс хойш өдөр бүр 1000-аас давжээ.
Бразил улсад дөрвөн сая гаруй тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийд гуравдугаарт бичигджээ.
АНУ-д дэлхийн коронавирусын нийт тохиолдлын бараг дөрөвний нэг буюу зургаан сая гаруй тохиолдол бүртгэгджээ. Долдугаар сард өвчлөлийн тоо нэмэгдсээр байсан боловч наймдугаар сараас тоо нь буурсан.
Ковид-19-ийн улмаас нас барагсдын тоогоор дэлхийд хамгийн олон бүртгэгдсэн нь АНУ бөгөөд 194,000 гаруй хүн нас баржээ.
Нөхцөл байдал ямар байна вэ?
Вирус дахин сэргэх вий гэсэн болгоомжлол дунд Европ даяар өдөр бүр өвчлөлийн тоо нэмэгдэж байна.
Хамгийн их хохирол амссан бүс нутгуудад хорио цээрийн горимын хэмжээг тогтоож, амны хаалт зүүж, олон нийтийн газраар зорчихыг хязгаарлах дүрмийг баримтлахыг уриалж байна.
Вирус дахин сэргэж байгаа буюу халдварын тохиолдлын тоо өссөөр байгаа улсуудыг харвал Перу, Израиль, Өмнөд Солонгос, Австрали байна.
Ням гарагт Австралийн Викториа мужийн цагдаа нар 70 гаруй жагсагчийг олон нийтийн газраар явахгүй байх, гэрээс гарахгүй байх тухай тушаал зөрчиж байгаа хэмээн баривчилжээ. Мелбурн хотын 250 орчим иргэн цар тахалтай холбогдуулан баримталж байгаа дүрэм журмыг хуйвалдаан гэж үзэн жагссан юм.
Викториа муж нь Австралийн дэгдэлтийн голомт болж, нийт тохиолдлын 75%, нас баралтын 90% -ийг эзэлж байна.
Хөрш зэргэлдээ Шинэ Зеланд улс хамгийн том Окленд хотоос бусад газарт хорио цээрийг 9 дүгээр сарын 21-ээс цуцална гэж Ерөнхий сайд Жасинда Ардерн даваа гарагт мэдэгдэв.
Тус улс коронавирусын эсрэг арга хэмжээг амжилттай авч байсан боловч өнгөрсөн сард хэд хэдэн шинэ халдвар илэрсэн учир Окландад хязгаарлалт тогтоосон юм.
Үүний зэрэгцээ Израиль улсад коронавирусын тохиолдол нэмэгдсээр байгаа тул улс даяар шинэ хязгаарлалтыг тогтоох гэж байна. Хатуу хязгаарлалтууд баасан гаригт буюу еврейчүүдийн шинэ жилээс хэрэгжиж эхлэх бөгөөд дор хаяж гурван долоо хоног үргэлжлэх болно гэж эрх баригчид нь мэдэгдлээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн гаргасан дүнгээр Израйль улсад Ковид-19-ийн халдвараар 153,000 гаруй иргэн халдварласан ба 1108 хүн нас баржээ.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: Б.Нямзул