Ухань хотод цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор олон улсын нислэгийг нэлээд хэдэн сарын хугацаанд цуцлаад байсан бол лхагва гарагаас эхлэн үе шаттайгаар сэргээх зөвшөөрлийг тус улсын Иргэний нисэхийн газраас өгсөн байна.
Тодруулбал, маргааш буюу 16-ны өдөр БНСУ-ын T’way Air компанийн Ухань-Сөүл чиглэлийн нислэгээр эхлэх юм. Ухань хотын Иргэний нисэхийн албаны ажилтан Ли И Жуогийн хэлснээр, одоогоор 10 гаруй орны агаарын тээврийн компани Ухань хот руу олон улсын нислэг үйлдэх өргөдлөө өгөөд байгаа бөгөөд үүнд Сөүл, Бангкок, Куала Лумпур, Манила, Жакарта, Сингапур зэрэг хот, улс руу хийх нислэгүүд багтаж байгаа юм.
“Ухань хот нэгэн цагт цар тахлын голомт болж байсан ч олон сарын турш цар тахалтай тэмцэн үр дүнд хүрч, энэ чиглэлийн туршлага асар ихээр хуримтлуулсан учраас гадны агаарын тээврийн компаниуд тус хот руу нислэг үйлдэх хүсэлтээ ирүүлээд байна” хэмээн Ли И Жуо хэлэв.
Олон улсын нислэгээр Ухань хотод ирсэн зорчигчид коронавирусний шинжилгээ өгч 14 хоног тусгаарлагдах юм.