Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хоорондын олон талт хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн салбарын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын барилга, байгууламжийг барьж байгуулах, дэд бүтцийг шинэчлэх, орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр 1992 оноос эхлэн нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн билээ.
Түүний нэг тод илрэл нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төслийн хүрээнд ‘’Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр 2013 оноос эхлэн 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага тухайлбал, Төв болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд амжилттай хэрэгжээд байна.
Энэхүү төслийн үр дүнд Монгол Улсын Цусны салбарт цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт сайжирч, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтэрч, эрүүл мэндийн байгууллагад Халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаа илт сайжраад байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Дорнод, Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн шинэчлэлийг энэ онд хийж, гүйцэтгээд байна.
Төсөлд хамрагдсан эмнэлгүүдийн төвлөрсөн ариутгалын тасгуудыг
орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурлан, зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болгохын зэрэгцээ багаж угаах, халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр хангаж, нийт 66,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн шинэчлэлийг хийлээ.
Түүнчлэн, Эрүүл мэндийн байгууллагуудын Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр мөрдөгдөж буй дүрэм, журмыг шинэчлэн, боловсруулж, 1000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, лаборант, ариутгагч нарын онолын мэдлэг олгож, ур чадварыг сайжруулаад байна.
Өнөөдөр бид ЭМСХХ-5 төслийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар 257 сая төгрөг, 14 нэр төрлийн 19 ширхэг 844,5 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээрийг энэ оны 5 дугаар сард байгуулсан. Тус санхүүжилтийн хүрээнд 7 (Архангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий) аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн иж бүрэн шинэчлэлийг хийж, нийслэл төдийгүй орон нутгийн түвшинд мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгдэх багажийн халдваргүйтэл, ариутгалыг олон улсын жишиг стандартад хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.