Т.Мөнхсайхан: Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт цаастай биш хүнтэйгээ ажиллах боломжийг нь олгоно

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч ажиллагсадтай уулзлаа. Уулзалтын үеэр өрхийн эмч мэргэжилтнүүд эмчилгээ үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлж шийдвэрлэж болох арга замын талаар санал солилцлоо.
Тухайлбал БЗД-ийн 4-р хорооны “Эрүүл өрх” ӨЭМТ-ийн дарга М.Алтанхуяг: Анхан шатны эрүүл мэндийн төвд бичиг цаасны ажил маш их байна. Энэ нь биднийг үндсэн ажлаа хийхэд хүндрэл үүсгэж байна. Бид магадланд орохын тулд 40 гаруй журам боловсруулдаг. Дээр нь эх хүүхдийн дэвтэр, хөтөч, амбулатори гээд хөтөлж байгаа бичиг цаас маш их байна. Өрхийн эмч бичиг цаасны ажилтай зууралдсаар байгаад бид хүнээ үзэж чадахгүй байна. Залуу эмч нар маань халширч байна. Бидний харж байгаа шийдэл бол нэгдсэн цахим системтэй болох. Тэр системдээ бүх мэдээллээ оруулдаг, хэрэгтэй мэдээллээ татаад авчихдаг байвал бид бичиг цаасны их ажлаасаа салж гэрээр орчиж тусламж үйлчилгээ үзүүлэх цаг зав маань нэмэгдэх боломж байгаа юм.
СБД-ийн 7-р хорооны “Энх сүндэр” ӨЭМТ-ийн дарга Г.Энхтуяа: Өрхийн эмнэлэгт сувилагч нарын хүртээмж бага байна. Сувилагч байхгүй болохоор бид бага эмч нарыг ажилд авдаг. Тэднийгээ цаашид сургаад вакцинатр, сэргээн засах мэргэжлийн сувилагч болгоё гэхээр эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг вакцинаар сургахгүй гэх зүйл яригддаг. Энэ асуудлыг нэг тийш нь шийдэж өгвөл бид дунд мэргэжилтнүүдээ сургаж хөгжүүлэхэд маш их хэрэгтэй байна.
БЗД-ийн 14-р хорооны ӨЭМТ-ийн дарга Ж.Нарантуяа: Энэ жил төсөв санхүү нэмэгдсэнтэй холбоотойгоор манай өрхийн эмнэлэг хүний нөөц, эмч нарын мэргэжлийн зэрэгээ ахиулсан. Эхо, хүүхэд, уламжлалт, дүрс оношилгоо, эмэгтэйчүүд, сэргээн засал, ариутгалын хэсгийг хүртэл шинээр зохион байгуулаад ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор бидэнд байрны зай талбай дутагдаж байгаа. Зарим өрхийн эмнэлгүүдийн дэргэд Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд барьж байсан нэг давхар байрнууд байдаг. Энэ байрнуудыг дүүргээс агуулахын зориулалтаар ашиглах, эсвэл бүр огт ашиглахгүй байгаа дүр зураг нийтлэг байна. Тиймээс энэ барилгуудыг өрхийн эмнэлгүүдэд эргүүлэн өгч болохгүй юу? Тэгвэл бид засаж тордоод сэргээн засах, эсвэл уламжлалтын кабинет ч юм уу оруулаад ашиглаад явж болно.   

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Та бүхний тавьсан асуудлуудыг сонслоо. Шийдэж болохгүй асуудал огт алга. Ирэх жилээс эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоо өөрчлөгдөж, гүйцэтгэлээрээ санхүүждэг болж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэнийхээ тоогоор санхүүжилтээ авдаг. Дээр нь үйлчилгээнийхээ төрлийг өргөжүүлж байгаа бол түүнийхээ санхүүжилтийг ч бас авдаг болно.  Ингэснээр эмнэлэгт тулгардаг ихэнх  асуудлууд шийдэгдээд явна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэгдсэн цахим систем нэвтрүүлэх нь туйлын чухал байна. Үүгээр мөн маш олон асуудал шийдэгдэнэ. Та бүхэн иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад, түүнийхээ мэдээллийг цахим системдээ оруулна. Ингэснээр Монгол Улсын ард иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн том систем бий болно гэсэн үг. Нөгөө талаасаа та бүхний бичиг цаастай зууралддаг цаг багасна. Ажлын гүйцэтгэлийг дүгнэхэд ч амар болох юм. Ийм боломжийг бүрдүүлнэ. Та бүхэн маань харин нийгмийн эрүүл мэндийн тал руу анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй. Иргэдийг өрхийн түвшинд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг, илэрсэн өвчлөлийг дараагийн шатлал руу хаашаа яаж явуулах вэ гэдэг нь тодорхой. Эмчлэгдээд ирсэн хүмүүс нь өрхийнхөө эмнэлэгт яаж хяналтад орох вэ гээд бүх асуудлууд нь тодорхой болох системийг бид бүрдүүлж өгнө гэсэн юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …