Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд гадны дотнын байгууллагуудтай хамтраад “Ард түмэн та-Хаан” нэртэй хэрэглэгчийн форумыг зохион байгуулсан юм байх. Үнэндээ сонгуулийн бус цагаар ард түмэн биш, төр засгийн байгууллагын эрх мэдэлтнүүд, сайд дарга нар л ХААН мэт аашладаг. Иргэд олон нийтийн саналыг төрийн бодлого шийдвэрт тусгахаар оролдож байгаа энэ ажил нь нэг талаас сайшаалтай боловч нөгөө талаас учир дутагдалтай. Сонгогчид тэднийг ажил, шийд, хэрэгжүүл гэж Засгийн эрхэнд сонгож гаргасан. Тэгээд ч аливаа шийдвэрийг гаргах бүрдээ ард түмнээс, олон нийтээс асууна гээд байх нь хир оновчтой байдаг юм бол. Түүний оронд шинжлэх ухааны судлагаа тооцоог эрхэмлэн, түүндээ тулгаарлын нийтийн шийдвэрийг гаргаж байх нь зохимжтой мэт. Ер нь бол хуучны уриа лоозон шиг “Арт түмэн та ХААН” гэх нь хийрхэл төдий хоосон үг. Ард түмэн, иргэд ХААН биш, хатавчинд байгаа гэдгийг Шадар сайд уг нь сайн мэдэх хүмүүсийн нэг.
Хэрэв ард түмнээ хаан мэт өргөмжилье гэж бодож байгаа бол хувийн эрх ашгаа хойш нь тавьж, улс орноо хөгжүүлэхэд л хангалтай. Коммунист төр засгийн үед л “ард түмний сайн сайхны төлөө”, “нийгмийн тусын тулд”, “иргэн та шийдвэр гаргагч”, “Засгийн эрх бүх ард түмний гарт”, “социалист бүтээмж бүх нийтийн үйл хэрэг”, “ХААН бол ард түмэн мөн” гэсэн урианууд их сонсогддогсон. Иим уриа их сонсогдох тусам бодит байдлаас холдож, үзэл сурталд баригдаж, хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө төр үйлчилж эхлэдэг гэдгийг санахад илүүдэхгүй биз. Санаа нь зөв ч,уриа нь буруу ийм форум бидэнд хир хэрэгтэй вэ?
А.Тамир