Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны ажилдаа эргэн орж, “Дельта” хар салхитай холбоотой нөхцөл байдал, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний асуудлаар бага хурал хийжээ. Мөн тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ирэх долоо хоногт болох мэтгэлцээнд оролцоно гэдгээ мэдэгджээ.
Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны даргын туслах Брайан Моргенстерн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Энэ талаар Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, “Дельта” хар салхитай холбоотой нөхцөл байдлаар бага хурал явуулаад зогсохгүй Техасын амбан захирагч Грег Эббот, Луизиана мужийн захирагч Жон Бел Эдвардс нартай ярилцсан гэжээ.
Д.Трамп Цагаан эргэн ирэхийн оронд өөрийгөө тусгаарлах нь дээргүй юу хэмээх сэтгүүлчийн асуултад Моргенстерн хариулахдаа, бид танхимд үйл ажиллагааг аюулгүй зохион байгуулж, тогтмол халдваргүйжүүлэлт хийж чадна гэжээ. Хэн нэгэнд аюул учруулахгүйгээр үүнийг хийх арга замууд бий гэж тэрбээр мөн хэлсэн байна.
Цагаан ордонд Д.Трампт зориулж тусгаарлагдсан өрөө гаргасан тухай “CNN” телевиз өмнө нь мэдээлсэн байна. Энэ өрөө нь танхимаас болон түүний ойрын туслахуудын албаны өрөөнөөс хол байрлалтай хэмээн тус телевиз мэдээлжээ. Мөн Трамп ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ирэх долоо хоногт болох мэтгэлцээнд оролцоно гэдгээ мягмар гарагт мэдэгдээд байсан юм.
“Би Майами хотод 10 дугаар сарын 15-ны пүрэв гарагт болох мэтгэлцээнийг тэсэн ядан хүлээж байна” гэж Д.Трамп эмнэлгээс гарснаасаа нэг хоногийн дараа “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Мөн тэрбээр, “Энэхүү мэтгэлцээн гайхалтай болох болно” хэмээн бичсэн байна.
Энэ талаар Жо Байден Ерөнхийлөгч Дональд Трамп эдгэрээгүй байгаа бол ирэх долоо хоногийн мэтгэлцээнийг цуцлах хэрэгтэй гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Флорида муж улсын Майами хотноо 10 дугаар сарын 15-нд болох мэтгэлцээнийг зөвхөн эрүүл ахуйн хатуу дүрэм журмын дор зохион байгуулах хэрэгтэй гэж Ж.Байден хэлээд, Д.Трамп болон Цагаан ордны төлөөлөгчид халдвар авсныг “маш ноцтой асуудал” хэмээн тодорхойлсон байна.
“Хэрэв Д.Трамп халдвартай хэвээр байгаа бол бид мэтгэлцэх хэрэггүй. Түүний биеийн байдал ямар байгаа талаар би сайн мэдэхгүй байна. Хэдийгээр түүнтэй мэтгэлцэхийг тэсэн ядан хүлээж байгаа боловч бүх дүрэм журмыг мөрдөх шаардлагатай гэж үзэж байна” гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан хэлжээ.