Тайландын нийслэл Бангкок хотод эмх замбараагүй байдал үүсч, нөхцөл байдал хяналтаас гарах төлөвтэй болсон тул тус улсын Засгийн газар онц байдал зарлажээ. Тайландад улс төрийн эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаал олон жил үргэлжилж байгаа ч энэ оны хоёрдугаар сард дөнгөж байгуулагдаад байсан ардчиллыг дэмжигч сөрөг хүчний намыг эрх баригчид хүчээр татан буулгасан нь иргэдийн уур бухимдлыг улам дэвэргэсэн юм. Мөн түүнээс гадна 2014 оны цэргийн эргэлтээс хойш Камбожид цөлөгдсөн ардчиллыг дэмжигч Ванчалеарм Сацаксит энэ оны зургадугаар сард сураггүй алга болсон нь жагсагчдын эсэргүүцлийг эрчимжүүлсэн байна.
Онц байдал зарлах тухай мэдэгдэлд “Бангкокт олон бүлэг хүмүүс олон нийтийг турхирч, хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулж нийгмийн энх тайван байдлыг эвдэж байгаа учир онц байдлын дэглэм тогтоож дэг журмыг сахиулахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн дурджээ.
Тус улсад онц байдал зарласнаар дөрөв ба түүнээс дээш хүн нэг дор цугларах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аливаа мэдээллийг зориудаар мушгин гуйвуулж, ард иргэдийг айдаст автуулсан, үндэсний аюулгүй байдал, энх тайван байдалд нөлөөлөхүйц мэдээ мэдээллийн хэвлэн нийтлэхийг хориглож байгаа аж.
Эсэргүүцэгчид хааны эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайд Прают Чан-Очаг огцрохыг уриалж байгаа юм. Ерөнхий сайд Чан-Оча нь 2014 онд анх уг албан тушаалд сонгогдож түүнээс хойш тасралгүй энэ албыг хашиж байгаа нь иргэдийн шүүмжлэл дагуулаад байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотод болсон жагсаал цуглаан сүүлийн хэдэн жилийн хугацаанд болж байгаагүй томоохон эсэргүүцлийн жагсаал болж, олон мянган жагсагчид эрх баригчдыг улс эх орондоо өөрчлөлт хийхийг шаардав. Бямба гаригт болсон жагсаалд 18 мянган хүн оролцжээ.