УИХ-ын гишүүн С.Амарсайхан 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн саналаа Налайх дүүргийн 3 дугаар хорооны байранд өглөө. Тус хорооны хэсгийн хувьд өдрийн 13 цагийн үед нийт сонгогчдын ирц 28,82 хувьтай байна.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан энэ үеэр “Иргэний үүргээ биелүүлж Налайх дүүрэгт ирж саналаа өглөө.
Энэ удаагийн орон нутгийн сонгууль их онцлогтой. Сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль зэрэг явагдаж байгаа. Иргэдийн хувьд идэвхтэй байна.
Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль гэдэг бол амьдралд ойр, ахуйн асуудлуудыг шийдэх, айл өрх бүрийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлдэг нөгөө талаар төр иргэн хоёрыг холбодог нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудыг сонгох чухал сонгууль. Их хурлын сонгууль бол бодлогын сонгууль байдаг бол орон нутгийн сонгууль таатай амьдралын төлөө хийж байгаа сонголт байдаг.
Хог хаягдлаасаа эхлүүлээд гэрэлтүүлэг, ахуйн орчин аюулгүй байдал, зам дэд бүтэц гэх мэт бүхий л асуудлыг шийдэх чухал сонгууль учраас иргэд идэвхтэй оролцож байгаа харагдаж байна” хэмээлээ.
Санал хураалт оройн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал хураалтын дараа хууль заасны дагуу бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг саналын хуудасны 50 хүртэлх хувьд явуулах юм.