“Нокиа” компани саран дээр 4G сүлжээ суурилуулна

АНУ-ын сансар агаар судлалын “НАСА” агентлаг Финландын “Нокиа” компанийг Саран дээрх анхны үүрэн холбооны сүлжээг байгуулах компаниар сонгожээ.

“Нокиа” компани Сарны гадаргуу дээр “Маш бага оврын, цахилгаан эрчим хүч бага хэрэглэдэг, сансрын орон зайд тэсвэртэй” 4G утасгүй сүлжээг суурилуулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү төсөл нь “НАСА” агентлагийн 2030 он гэхэд Саран дээр хүний урт удаан хугацааны оршин тогтнолыг бий болгох төлөвлөгөөний нэг хэсэг юм.

“НАСА” агентлаг “Нокиа” компанийн АНУ дахь охин компанитай 14.1 сая ам.долларын гэрээ байгуулсан бөгөөд тус компани 2022 оны сүүл гэхэд сүлжээний тоног төхөөрөмжөө Сарны гадаргуу дээр алсаас суурилуулах гэнэ.

Харин “НАСА” агентлаг “Артемис” хөтөлбөрийнхөө хүрээнд 2024 он гэхэд анхны эмэгтэй болон дараагийн эрэгтэйг Сар руу илгээх зорилготой ажиллаж байгаа аж. Саран дээрх 4G утасгүй технологи нь “Удирдлагын чухал үүрэг гүйцэтгэж, Сарны роверуудыг алсаас удирдан, бодит цагийн навигаци хийхээс гадна өндөр нарийвчлалтай дүрс бичлэг дамжуулах боломжийг олгоно” хэмээн “Нокиа” компанийн зүгээс мэдэгджээ.

Түүнчлэн уг 4G төхөөрөмжийг ирээдүйд шинэ үеийн хурдны 5G сүлжээ болгон шинэчлэх боломжтой гэдгийг тус харилцаа холбооны компаниас онцолсон байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …