Улсын онцгой комисс өнөөдөр (2020.10.26) хуралдаж, Ковид-19-ын цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцээд, дараах шийдвэрийг гаргалаа.
Хуралдаанаар аравдугаар сарын 31-нд дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргав.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр“Дэлхий нийтэд коронавирусийн цар тахлын хоёр дахь давлагаа хүчтэй болж, дэлхийн 216 улсыг хамарч, 1,1 сая хүн нас барсан энэ үед улс орон бүр өөрсдөдөө тодорхой хориг арга хэмжээг авах, зохицуулалт хийж эхэлсэн байна. Тухайлбал, 106 улс олон нийтийн арга хэмжээг хязгаарлаж, 115 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан байна.
Тиймээс Монгол Улсын Улсын онцгой комиссоос гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгах саналыг Засгийн газарт хүргүүлж байна. Энэ санал Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар батлагдана.
Монгол Улс коронавирусийн цар тахлыг дотооддоо алдаагүй ч гэсэн зөөвөрлөгдөж ирсэн 339 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар мөн улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа, тээвэртэй холбоотой шийдвэр гаргалаа ”гэж мэдэгдлээ.