Л.Халтар:Дарханы замд жолооч нар хурдаа тохируулан, зай барьж явах хэрэгтэй

Монгол Улс Азийн авто замын сүлжээнд дөрвөн чиглэлээр хамрагддаг. Эдгээрийн нэг болох АН-3 буюу Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын хэсэг нь сүлжээн дэх хамгийн их хөдөлгөөний эрчим бүхий хэсэг бөгөөд Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутгийг дайран өнгөрдөг.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хэсэг болох Төв аймгийн Жаргалант сумын салаа зам хүртэлх 108 км авто замыг 1943 онд, 108-176 км-ийн хооронд 1972 онд, 176-232 км хоорондох хэсгийг барьсан.1974 онд нийт замыг хатуу хучилттай болгосон байна. 1996-2000 онд Азийн хөгжлийн банк /АХБ/-ны “Авто замыг хөгжүүлэх” төслийн хүрээнд хэсэгчилсэн байдлаар их засвар, шинэчлэлт хийгдсэн. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилт болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014-2015 онд тус чиглэлийн авто замд хэсэгчилсэн байдлаар нийт 25.4 км-т ээлжит засварын ажил хийгдсэн юм.


Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хоногийн дундаж эрчим 5802 тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үе буюу баяр наадмын өдрүүдэд хоногт дунджаар 12389 тээврийн хэрэгсэл зорчдог. Өсөн нэмэгдэж буй хөдөлгөөний эрчим болон замын ашиглалтын байдлаас шалтгаалж хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар маш муудсан юм. Нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тус замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлага гарсан билээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь огцом эргэлт, тойруу, өгсүүр, уруу болон үзэгдэх орчин хангалтгүй хэсгүүд ихтэй бөгөөд осол аваар ихээр гардаг 9 хар цэг бүртгэгджээ.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасан билээ.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинэчлэж; Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар шинээр нэмж хоёр эгнээ авто зам барихаар төлөвлөсөн.

Тэгвэл төслийн зам барилгын ажлыг дараах 5 багц болгон хэрэгжүүлж байна.

I багц: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам

II багц:Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам

III багц:Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам

IV багц:Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам

V багц:Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

Зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх, зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг АХБ-ны “Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу олон улсын өрсөлдөөнт тендерээр зохион байгуулж дараах зөвлөх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан.

Зөвлөх компани:БНЭУ-ын “Интерконтинентал Консалтантс энд Технократс” Компани болон туслан гүйцэтгэгч Монгол Улсын “Ай Си Ти Сайн Консалтинг компани”

Гүйцэтгэгч:

I багц: “Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж” компани

II багц:“Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг” (групп)

III багц:“Гуйжоу Хайвэй Инженеринг Групп”

IV багц:“Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг” (групп)

V багц:“Чайна Жео-Инженеринг Корпораци”

Багц тус бүрийн зам барилгын ажлыг 2019 оны зургадугаар сарын 21-нд эхлүүлсэн бөгөөд ажлыг 365 хоногийн хугацаанд гүйцэтгэж 2020 оны зургадугаар сарын 21-нд дуусгахаар төлөвлөж байжээ.

Гэвч зам барилгын ажлын график, төлөвлөгөөний хоцрогдолд дараах нөхцөл байдал нөлөөлсөн байна.

2019 онд

Үүнд:

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал (нийт барилгын ажлын хугацаанд 28 хоног үргэлжилсэн бороотой байсан)

-Зарим гүйцэтгэгч байгууллагын ажлын удирдлага, зохион байгуулалт, менежментийн хангалтгүй байдал (Багц 2 болон Багц 4 хэсгийн ажил дөнгөж 9, 5 хувьтай)

-Багц 2 болон Багц 4 хэсгийн барилгын ажлын гэрээний өртөг хэт бага тул дотоодын компаниуд туслан гүйцэтгэгчээр орж ажиллах боломжгүй болсон байна.

2020 онд

Харин энэ оны зам барилгын бэлтгэл ажлыг хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж, үндсэн ажлыг гуравдугаар сарын 20-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөсөн боловч КОВИД -19 цар тахлын улмаас гадаад ажиллах хүч Монгол Улсад орж ирж чадаагүйгээс барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эхэлж чадаагүй юм.

КОВИД-19 цар тахал зам барилгын ажлын хэрэгжилтэд нөлөөлж байгаа нөхцөл байдалд үндэслэн АХБ-аас зам барилгын ажлын гэрээг 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаас сунгах зөвшөөрөл олгогдож 3 багц хэсгийн гэрээг тус хугацаагаар сунгажээ.

С.Очирбат: “Хар модот” давааны 37.26 км авто зам зураг төслийнхөө дагуу есөн метрийн өргөнтэй, чанартай, сайн зам болсон

Улаанбаатар- Дархан чиглэлийн автозам барилгын ажлын төслийн зөвлөх инженер, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.ОчирбатБагц 1 Хар модотын даваа 37.26 км авто замын ерөнхий гүйцэтгэгчээр “Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж”компани, дотоодын туслан гүйцэтгэгчээр “Эсто” ХХК, “Болорболд зам” ХХК ажилласан.

Зам зураг төслийнхөө дагуу есөн метрийн өргөнтэй, чанартай, сайн зам болсон. Мөн энэ замтай зэрэгцээд Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр баригдах авто замын ажил эхэлсэн. Энэ төслийн хүрээнд замын өргөнийг 18 метр, дөрвөн эгнээ болгох ба хоёр тийш нь өргөтгөнө. Зам барих тухайн хэсгийн тогтцоос шалтгаалан зарим газартаа нэг тал руу нь есөн метр өргөтгөнө. Зам голдоо таван метр орчим зааглах зурвастай, даваан дээр бетон зааглах зурвастай, хоёр талдаа төмөр туузан хашлагатай, шаардлага хангасан зам болно. Замын ажил 2021 онд үргэлжилж, 2022 онд дуусгах гэрээтэй. Нийт Дарханы зам барилгын ажлыг таван багц болгон хуваасан бөгөөд багц тус бүрийг БНХАУ-ын таван өөр аж ахуйн нэгж хариуцаж ажиллаж байна.

Замын хурдны дээд хязгаарыг 60 км/цагаар тогтоож, тэмдэг тэмдэглэгээг тавьсан боловч тооцоот хурдны дээд хязгаар 100 км/цаг юм. Жолооч нар 100 км/цаг хурдлахад осолгүй зорчих техникийн нөхцөлд хангагдсан” хэмээн ярилаа.

Нэгдүгээр багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас  хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлыг гэрээт хугацаанаасаа өмнө дуусгасан БНХАУ-ын “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн захирал Лю Хунян /黑龙江金邑路桥有限公司/ “Манай компани 2019 оны зургадугаар сараас эхэлж замын ажлыг  нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Бид ажлаа хугацаанаасаа өмнө дуусгасандаа баяртай байна. Энэ дашрамд хэлэхэд бидний ажлыг шуурхайлах тал дээр ЗТХ-ийн яам анхаарал хандуулсанд талархаж байна. Л.Халтар сайд амралтын өдрөөр байнга ирж, бидний ажилтай танилцаж, шахаж явдаг байсан. Таньд баярлалаа. 

Манай компани олон улсын төсөлд анх удаа оролцсон. Анх удаа оролцохдоо маш их баяртай байна. Ажлаа хугацаандаа дуусгаж бид хэрхэн ажилладгаа ажлын явцаараа харуулахыг хичээсэн, цаашид Монгол Улсын зам тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоход бэлэн байна” гэлээ.

Л.Халтар:Дарханы замд жолооч нар хурдаа тохируулан, зай барьж явах хэрэгтэй

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замыг засварлаж байна. Зураг төслийнхөө дагуу тавдугаар багцын эхлэл хэсэг болох Дархан орох замын эхлэлийн гурав орчим км замыг дөрвөн эгнээтэй байхаар тусгасан. Харин Европын сэргээн босголтын хөгжлийн банкны /ЕСБХБ/ санхүүжилтээр дараагийн хоёр урсгал бүхий замыг барих юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 2022 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орно.

Жолооч нартаа анхааруулж хэлэхэд “Жолооч нар минь 60 км/цаг”-аас хэтрүүлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцоорой. Ялангуяа цементээр бэхжүүлсэн, хараахан хучиж амжаагүй замд хоорондын зайгаа сайн барьж,хурдаа багасгаж, аюулгүй байдлаа хангаж явахыг анхааруулж байна” гэдгийг онцолж хэллээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …