МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монголын Үнэн” сонинд ярилцлага өгөх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэсэн байна.
Тодруулбал Д.Амарбаясгалан: “Хэд хэдэн хүний нэрийг намын гишүүд ярьж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд над дээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр тэр хүнийг нэр дэвшүүлээч гэж намын гишүүдээс санал, хүсэлтүүд ирж байгаа. Манай намын хувьд нэр дэвшүүлэх боломжтой кандидат олон байна.
Нэгдүгээрт, манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой. Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна. Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна” гэжээ.