Ковидын эсрэг вакциныг хүн амын 60 хувьд хийхээр тооцжээ

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар алдаж, хатуу хөл хорио тогтоогоод байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд гэрээсээ онлайнаар холбогдож, чуулганы хуралдаандаа оролцож байгаа юм. 

Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Монгол Улсын 2021 оны төсөв бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болсон. Нийт 149 төсөл, хөтөлбөрийг царцааж, 405 тэрбум төгрөг гаргаж ирээд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд оруулах саналыг минь унагасан. Энэ төсөв бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан. Тун удахгүй тодотголоо оруулж ирж ард иргэдийн нийгмийн асуудал, эрүүл мэндийг нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна” гэж саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Б.Пүрэвдорж гишүүнтэй санал нэг байна. Төсвийн тодотголыг заавал хийх хэрэгтэй. Вакцины худалдан авалтыг хэдэн ам.доллар гэж харж байна. Ямар мөнгө төсөвлөв” гэх асуултыг тавилаа. 

Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахлын вакцинд 50.6 сая ам.долларын зээлийг авах саналаа Дэлхийн банканд хүргүүлсэн. Гурав хоногийн дараа Дэлхийн банкны зөвлөлийн хурлаар зээл батлагдана. Нийт хүн амын 60 хувьд нь вакцин хийнэ гэж тооцож захиалга өгч байна. Удахгүй УИХ-аар хэлэлцэж, батлуулна. Засгийн газар вакцины асуудалд тасралтгүй ажиллаж байна” гэдэг хариултыг өглөө. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …