АНУ-д коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэллээ

Бямба гарагт АНУ-ын засгийн газар Pfizer/ BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олголоо.

Их Британи, Бахрейн, Канад, Саудын Арабын дараа уг вакцинд зөвшөөрөл олгосон тав дахь улс болж байна. Эхний ээлжийн вакциныг энэ амралтын өдрүүдэд АНУ даяар тарааж, вакцинжуулалт Даваа гарагт эхлэхээр болжээ.

Бямба гарагт АНУ-д 3,309 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь нэг өдрийн дотор хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болсон байна. “АНУ-ын мужууд дахь эрүүл мэндийн 145 төв Даваа гарагт вакцин хүлээж авах бол Мягмар гарагт 425 төв, Лхагва гарагт 66 төвд хүргэж дуусна” гэж хүн амыг вакцинжуулах засгийн газрын “Operation Warp Speed” хөтөлбөрийн төлөөлөгч, генерал Густав Перна өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Эхний ээлжинд 3 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин тараагдах юм байна. Хүн амын өндөр эрсдэлтэй бүлгийнхэн нэн түрүүнд вакцинжуулалтад хамрагдах ба ирэх оны нэгдүгээр сараас бусад хүмүүсийг хамруулж эхлэхээр төлөвлөжээ.

Улмаар 2021 оны дөрөвдүгээр сард Covid-19 өвчний эсрэг вакцин нийт хүн амд хүрэлцэхүйц хэмжээнд түгээгдэх аж. Pfizer/BioNTech компаниудын вакциныг нэг хүнд 21 хоногийн зайтай хоёр тун тарих ёстой. Эхний тунгийн дараа хүний биед дархлаа тогтож эхлэх ба хоёр дахь тунг хийлгэснээс хойш долоо хоногийн дараа дархлаажуулалт дээд хэмжээндээ хүрэх юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …