Covid-19 цар тахал дэлхий нийтийг хамарснаар хүн төрөлхтөнийг хөл хорьсон билээ. Тэгвэл аялахыг хүсэгчдийн сэтгэлийг амрааж, хорхойг нь дарах нэгэн сонирхолтой үйлчилгээг Оросын Победа агаарын тээврийн компаниас гаргасан нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, ашиг олж эхэлжээ. Тус компаниас Москва-Москва чиглэлд нэг цаг 30 минутын нислэгийг гаргасан нь маш амжилттай болсон аж. Тодруулбал, “Boeing 737-800” нисэх онгоцны бүх 189 суудал нислэг зарлагдсан даруй хоёр минутын дотор зарагдаж дуусчээ. Москва хотын Внуково нисэх буудлаас хөөрч, хоёр цаг орчим агаарт эргэлдээд эргэж буух онгоцны нислэгийн үнэ 7499 рубль буюу ойролцоогоор 100 ам.доллар аж. Ийнхүү эхний нислэгийн тасалбар хоёр минутанд амжилттай зарагдаж дууссанаар тус компани хоёр дахь нислэгээ ирэх арванхоёрдугаар сарын 20-нд үйлдэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн тус нислэгээр алдартай влогчин Алексей Кочемасов зорчиж, үйл явдлыг бичиж авах аж. Тэрбээр зугаацуулах нислэгийн үеэр халдвараар сэргийлэх дүрэм журмыг хэр сахиулахад ихэд анхаарч байгаа гэнэ. Түүнчлэн амны хаалт зүүж үйлчлүүлэх нислэгийн үеэр зорчигчид хэрхэн кофе, ундаа уух, нисэх онгоцонд бууж, суух үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахыг ажиглаж, подкастаараа үзэгчдэд хүргэх гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр нислэгийн тасалбарыг жижиг бэлэг дагалдах бөгөөд нислэгийн багийнхантай зургаа авхуулах боломжтой.
Үүнээс өмнө Тайванийн Tigerair агаарын тээврийн компаниас өнгөрсөн есдүгээр сард Чежү арлын дээгүүр нисэх богино хугацааны аяллыг хөл нь загатнасан аялагчдад зориулан хийж байжээ.
Эх сурвалж: RT