Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 01 дүгээр тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2020.12.23/ цахимаар хуралдлаа.
Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг цаг үеийн мэдээллийг Ажлын хэсгийн гишүүдэд өгөх зорилгоор агаарын бохирдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсохоор төлөвлөснийг танилцуулав.
Эхлээд Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн дарга /Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга/ Т.Гантөмөр төвлөрсөн бус хангамжийн дулаан үйлдвэрлэх, түгээх, дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах зуухнуудыг шат дараатайгаар төвлөрсөн дулаан, цахилгаан, хийд холбох, сайжруулсан шахмал түлшээр галлах технологийн горимд шилжүүлэх зэргээр түүхий нүүрсээр галлахыг зогсоохоор явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Дараа нь Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр улсын хэмжээний болон Улаанбаатар хотын агаарын чанарын талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр 24 цагийн турш агаарын чанарыг хянах суурин харуул Улаанбаатарт 15, орон нутагт 25 ажилладаг, эдгээр автомат харуулууд агаар дахь түгээмэл тархалттай хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон, PM10, PM2.5, тоосонцор зэрэг бодисын үзүүлэлтийг тодорхойлдог. Улаанбаатарын агаарын чанар өнгөрсөн 11 дүгээр сар болон сүүлийн долоо хоногт дундаж буюу бага бохирдолттой тодорхойлогдсон. Агаарын чанарын индексийг их бохирдолттойгоос эхлэн 6 түвшингээр авч үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд 4 зэрэглэлээр буурсан гэсэн мэдээллийг өгсөн юм.
Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Ганболд, Т.Аубакир болон Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үеийнхээс ихэссэн эсэх, тэр дундаа хүхэрлэг хийн агууламж ямар байгааг тодруулав.
Асуултад Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр агаарын бохирдлын агууламжийг хэмждэг хүхэрлэг хий өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээр өнгөрсөн жилийн мөн үеийнхээс ахиу гарсан бөгөөд энэ нь галлагааны эрчим нэмэгдсэн, агаарын урсгал тогтуун байгаатай холбоотой гэсэн тайлбар хэллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Нарангэрэл “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшнээс тогтмол авдаг шинжилгээгээр 1 байх ёстой хүхрийн хэмжээ 1-тэй тэнцүү буюу стандарт хэмжээндээ гарч байна гэсэн хариулт өгөв.