Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах зорилгоор хотын удирдлагуудаас дугаарын хязгаарлалт тэргүүтэй олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаа нь иргэдийн талархалыг хүлээгээд байгаа. Өнгөрсөн сард хотын түгжрэлийг багасгахад хэрэглэх зорилгоор хориглосон газар зогссон авто машиныг ачих олон тооны зориулалтын машин оруулж ирсэн тухай сүр дуулиантайхан мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Тэгвэл эдгээр машинууд иргэдийн авто машиныг олноор нь ачиж байгаад, бас ачсан машин бүрт их хэмжээний төлбөр авч байгаад иргэд бухимдалтай байна.
Хотын удирдлагууд авто зогсоолын асуудлаа шийдэж чадаагүй байж иргэдийн машиныг журамлан ачиж, ачилт бүрт 70 мянган төгрөг, журмын хашааны хоногын 5000 мянган төгрөг авах нь байж болох энгийн хэрэг үү. Нэг машиныг зориулалтын машинаар ачиж Гурвалжингийн гүүрний цаана байрлах “Хөсөг трейд” ХХК-ийн журмын хашаанд аваачиж байрлуулахад нийт хэдэн төгрөгний бодит зардал гарах бол. 70 мянган төгрөгийн төлбөрийг ямар үндэслэлээр, хэн тогтоосон юм бол.
Хэрвээ иргэн таны авто машин тавьсан газраа байхгүй байгаа бол та 7000-4455 утас руу утасдаж машинаа хаанаас очиж авахаа асуух ёстой болж байна. Мөн та нийт 75 мянган төгрөгтэй байж машинаа журмын хашаанаас гаргаж авах юм байна. Сураг сонсвол энэ 70 мянган төгрөг хоёр дансанд хувааж орж байгаа гэнэ. Хотын захиргааны эрх мэдэлтнүүд машин ачих гэдэг нэгэн төрлийн шинэ бизнестэй болжээ. Үнэндээ ямар үндэслэлээр 70 төгрөгийн төлбөр тогтоосноо нийслэлийн удирдлагууд хариулах цаг нь болжээ. Хураана, нураана, торгоно, ачна, хориглоно, шийтгэнэ гэдэг үгийг хотын удирдлагууд их хэрэглэдэг болжээ. Ингэж байхаар нэг мөсөн иргэн бүрийг машин унахыг нь хориглочихвол яасан юм бэ? С.Бат-Үүл даргаа …
А.Тамир