Н.Тавинбэх: 11 дүгээр сарын зарим төлбөр 12 дугаар сард бичигдсэнийг зарим иргэд мэдэхгүй байна

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зарим айл өрх, ААН-ээр орж Засгийн газрын 211 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцаж, тэдний санал сэтгэгдлийг сонсов.

Монгол Улсын Засгийн газраас 2020.12.01-2021.07.01-ний өдрийг хүртэл цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурыг хөнгөлөх шийдвэр гарсан. Тогтоол гарснаас хойш төлбөр гарч байгаа талаар санал, гомдол хэрэглэгчдээс ирсээр байна. Иймд сайд Н.Тавинбэх газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Иргэд Засгийн газрын шийдвэрт сэтгэл хангалуун байна. Айл өрх, аж ахуйн нэгжийн амжиргааг дэмжих, үйл ажиллагааны зардлыг бууруулсан чухал шийдвэр болсон. Цахилгаан эрчим хүчний хэрэглээг тоолуурын заалтыг үндэслэн бичдэг. Тоолуурын заалтаар өнөөдрийг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөр, тооцоо бодогдож ирсэн. Магадгүй хэрэглэгчийн төсөөлж байснаас буюу өмнөх сараас, өмнөх оны мөн үеийнхээс илүү гарсан бол магадлах шаардлагатай. Мэргэжлийн байгууллагад нь хандаад эргэлзээ, ойлгомжгүй байдлаа тодруулах боломжтой. Бид энэ асуудалд анхаарал хандуулж, хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хэрэглэгчийн дуудлагыг хүлээн авч, санал гомдлыг барагдуулах болно” гэв.

Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны иргэн О.Түвдэндорж “Cүүлийн бичилтээр манай төлбөр 150 гаруй мянган төгрөг байсан. Үүнээс 11 дүгээр сарын үлдэгдэл төлбөр болох 21 мянган төгрөгийг би өөрөө төлсөн. Үлдсэн 130 мянган төгрөг хөнгөлөлтөд хамрагдсан явдалд талархаж байна. Сайжруулсан түлш ч хямдраад бараг үнэгүй болсон. Иймд бидний хувьд том дэмжлэг болж байна” хэмээн ярив.

Хан-Уул дүүрэгт худалдаа эрхлэгч О.Цэрэндолгор “Цар тахалтай холбоотойгоор цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлж байгаа нь таалагдаж байна. Ард иргэдэд ч хэцүү байна, төр засагт ч хэцүү байгаа байх. Манай хэрэглээнээс сард 300 мянган төгрөгийг төр даана гэдэг бол том дэмжлэг юм” гэлээ.

2020 оны 12 дугаар сард нийслэлийн 361 мянган хэрэглэгчийн цахилгааны бичилт хийгдсэн. Үүнээс 37090 хэрэглэгч өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү хэрэглээтэй гарчээ. Журамд заасанчлан илүү гарсан хэрэглээний төлбөрийг тухайн иргэн, аж ахуйн нэгж хариуцах юм. Харин үлдсэн 330 мянган хэрэглэгч 100 хувь цахилгааны хөнгөлөлтөд хамрагдсан байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …