Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд цол, одон медаль гардуулсны дотор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ. Шагналыг Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордонд гардуулан өгсөн юм.
Б.Ганхуяг нь 2007 онд Тавантолгой төслийг цаасан дээр байхаас эхлэн гар бие оролцож, 2010 онд уурхайн төслийг хариуцан эхлүүлж байсан бөгөөд шат дараалан дэвшин ажилласан, компанийн ууган ажиллагсадын нэг юм. Тэрээр 2016 оны 9 дүгээр сараас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал, 2018 оны 5 дугаар сараас хойш “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Түүнийг гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК гадаад дотоодод өргүй болж, хоёр жил дараалан ТОП-100 шалгаруулалтын хоёрдугаарт жагсаж, улсын хэмжээнд хамгийн өндөр ашигтай ажилласан компани болж чадсан. Тухайлбал, Монголын Үндэсний аж ахуйн нэгжүүдээс анх удаа 2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой, нэг их наяд гаруй төгрөгийн ашигтай ажилласан юм. Түүнчлэн, 2,5 сая иргэнд анх удаа 1072 хувьцааны ногдол ашиг хүртээж, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам, Тавантолгой цахилгаан станц, Улаанбаатар хотын утааг бууруулах сайжруулсан шахмал түлш зэрэг улс орны томоохон бүтээн байгуулалтын ажлыг тус компани санхүүжүүлж байгаа юм.