Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр /2021.01.13/ БНХАУ-ын “Sinovac” компанийн бүтээсэн вакциныг хийлгэснээр тус улсад , олон нийтийг вакцинжуулах ажил эхэллээ.
Индонезийн Хүнс, эмийн чанарын хяналтын үндэсний агентлагаас хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусний анхны вакцин бол БНХАУ-ын “Sinovac” компанийн бүтээсэн вакцин юм.
Тус байгууллагын мэдээлснээр, уг вакцин 65.3 хувийн үр дүнтэй байгааг завсрын туршилтын дүн харуулжээ.
БНХАУ-ын дараа энэхүү вакциныг бүртгэсэн анхны улс нь Индонез юм.
Ойрын хоёр сарын хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудын 1.5 сая орчим ажилтныг вакцинжуулахаар төлөвлөж байгаагаа Индонезийн Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин мэдээлжээ.
Тус улс өнгөрсөн оны сүүлчээр “Sinovac” компаниас 3 сая орчим тун вакцин хүлээж авсан бол энэ оны нэгдүгээр улиралд дахин 30 сая тун, нийтдээ 125 сая тун вакцин авахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ “Pfizer”, “Novavax”, “AstraZeneca” компаниудтай тус бүр 100 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулахаар ажиллаж байгаагаа тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.