Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам 2021 оны нэгдүгээр сарын 10-ний өдөр уур амьсгалын өөрчлөлтийн талаар эсрэг тэмцэгч, залуу идэвхтэн, 17 настай Швед охин Грета Тунбергтэй цахимаар уулзаж, “Уур амьсгалын хямрал” сэдвээр ярилцсан байна.
Цахим уулзалтын үеэр зочид хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд яаралтай анхаарлаа хандуулж, цаг уурын хамгийн ноцтой аюул заналыг шинжлэх ухааны үүднээс хүлээн зөвшөөрч, улам бүр нэмэгдэж буй энэхүү хямралыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэх, дэлхийн хэмжээнд олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байгааг онцолжээ.
Далай лам, Швед охин Грета Тунберг нарын ярилцсан хэсгээс хүргэж байна.
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам:Цаг уурын дулаарлын талаар санаа зовж буй залуухан Швед охины талаар сонсоод “Бидний ирээдүйд итгэл найдвар байна” гэж би бодсон.
Грета Тунберг: Дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, байгаль орчныг хамгаалах үйлсийг дэмждэгт тань баярлалаа. Залуу үеийнхэн бидний төлөө, хүн төрөлхтний ирээдүйн төлөө зогсож байгаад тань баярлалаа. Хэрвээ хүмүүс дэлхийн дулаарлын эсрэг юу хийх ёстой вэ гэж асуувал өөрсдийгөө боловсруул, энэ талаар илүү их мэдлэг олж ав гэж хэлмээр байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, залуу идэвхтэн, 17 настай Швед охин Грета Тунберг нь “Time” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг оны онцлох хүнээр 2019 онд тодорч байсан юм. Түүнчлэн Нобелийн энх тайвны шагналд хоёр удаа нэр дэвшиж байсан билээ.