
Ардчилсан сонгуулийн нэг чухал зарчим бол “сонгууль бүх нийтийн байх” явдал юм. Иймээс ч иргэн бүрийг сонгуульд оролцож, саналаа өгөх боломжоор хангах нь төрийн үүрэг төдийгүй бүх нийтийн эрмэлзлэл байх нь зүйн хэрэг билээ.
Өнгөрсөн оны тухайд сонгогчдын ирц, оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн санаачилга, хөдөлгөөн өрнөж, тодорхой үр дүнд хүрсэн. Тэдгээрийн нэг нь ирцийн мэдээллийг ил тод мэдээлэх эхний алхмыг хийсэн явдал байлаа.
2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр Лийд төгсөгчдийн холбоо нь Сонгуулийн ерөнхий хороо болон www.ikon.mn мэдээллийн сайттай хамтран сонгогчдын ирцийн мэдээллийг Монголд анх удаа, шинэлэг хэлбэрээр шуурхай хүргэх ажлыг амжилттай зохион байгуулсан. (Эндээс үзнэ үү) Газар зүйн байршил, насны ангилал, мөн тухайн насны бүлэгт харгалзах хувь хэмжээг харьцуулан гаргасан нь сонгуульд аль насны бүлгийнхэн хэрхэн оролцож буйг тооцоход томоохон хувь нэмэр болсон юм. Гэвч тус мэдээллийг 2020 оноос өмнөх сонгуулиудын ирцийн мэдээлэлтэй ижил түвшинд, нэг шалгуураар харьцуулах боломж үгүй, түүнчлэн ирэх сонгуулиудын мэдээг ч уг хүртээмжит хэлбэрээр түгээх эсэх нь тодорхойгүй байна.
Иймд Лийд төгсөгчдийн холбооны зүгээс сонгогчдын ирцийн мэдээллийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, мэдээллийг ил тод, хүртээмжтэй болгох, улмаар сонгогчдын бүртгэлийн тогтолцоог шинэчлэх санал зөвлөмж гаргасныг танилцуулж байна.Лийд төгсөгчдийн холбоо нь ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлж, иргэн бүрийг тэгш хамруулсан, хүртээмжтэй нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах зорилготой “LEAD Mongolia” хөтөлбөрийн төгсөгчдийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага юм.
Судалгааны үр дүнгээс танилцуулбал,
“Сонгогчийн бүртгэл (сонгуулийн ирц)-ийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, ил тод, хүртээмжтэй болгох санал зөвлөмжийг гаргах” зорилгын дор судалгааны ажил явагджээ. Судалгааны хүрээнд дараах асуултуудад хариулт өгөх байдлаар дүгнэлт, зөвлөмжийг гаргасан байна. Үүнд,
- Сонгогчийн бүртгэлийг эрхлэн явуулах (сонгогчдын нэрийн жагсаалт гаргах), ирцийг мэдээлэхтэй холбоотой харилцааг хууль, эрх зүйн баримт бичгүүдэд хэрхэн тусгасан байна вэ? Энэ нь тодорхой, хүртээмжтэй байж чадаж байна уу?
Сонгуулийн санал хураахаас өмнөх үе, санал хураалтын өдөр болон санал хураалт дууссаны дараах үеүдэд сонгогчийн ирц, бүртгэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг түгээх, нийтэд нээлттэй байршуулах үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомж, дүрэм, журмуудад зарим харилцааг нарийвчлан тусгах шаардлагатай байна. Тухайлбал, сонгуулийн ирцийн мэдээг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Сонгуулийн ерөнхий хороо нь өөр өөрийн нэгжээр дамжуулан авдаг, аль байгууллага нь мэдээг албан ёсоор нэгтгэх, зарлах, олон нийтэд түгээх тухай эрх зүйн нарийвчилсан зохицуулалт байдаггүй. Энэ нь сонгууль зохион байгуулахад оролцож буй байгууллагуудын чиг үүргийг давхардуулахгүй байх, зохицуулагдаагүй үлдсэн харилцааг аль нэг байгууллагад хуулиар үүрэг болгох шаардлагатайг харуулж байна. Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулах үндсэн чиг үүргээ хадгалах, Улсын бүртгэлийн ерөнхий газар нэрийн жагсаалт гаргах дээр нэмээд ирцийн мэдээг нэгтгэдэг, зарладаг, задгай тоон мэдээллийг Үндэсний статистикийн хороонд шилжүүлж, Мэдээллийн нэгдсэн санд багтаан олон нийтэд ил тод болгох ажлыг гүйцэтгэдэг байх нь тохиромжтой гэж үзэж байна.

- Сонгогчийн бүртгэл, ирцийг мэдээлж буй хэлбэр, загвар нь ил тод, хүртээмжтэй байж чадаж байна уу? Ил тод байршуулсан ирцийн мэдээлэл нь нээлттэй өгөгдлийн шалгуурыг хангаж чадаж байна уу?
Сонгуулийн санал хураахаас өмнө иргэд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн, мөн өөрийн хаяг дээр бүртгэлтэй хүмүүсийн мэдээлэлтэй танилцах, санал хураалтын өдөр тойргийн хэмжээний ирцийн мэдээтэй танилцах, санал хураалт дууссанаас хойш ирцийн мэдээг нэгдсэн байдлаар авах боломжтой буюу энэ төрлийн мэдээлэл харьцангуй ил тод байна. Гэхдээ ирцийн мэдээлэл нь хэт ерөнхий, нас, хүйс, зарим тохиолдолд газар зүйн байршил зэргээр нарийвчлан дүн шинжилгээ хийх боломжгүй, статистикийн бусад мэдээлэлтэй ижил түвшинд харьцуулах боломжгүй, хүртээмжгүй, нээлттэй өгөгдлийн шалгуурыг хангаж чадахгүй байна. Иймээс
- Сонгуулийн өмнө улсын хэмжээнд болон тойрог бүрд сонгуулийн эрхтэй сонгогчдын тоо, насны бүлэг, хүйс болон газар зүйн байршлаар (эсвэл засаг захиргааны нэгжээр) мэдээлж байх,
- Санал хураах өдөр сонгуулийн ирцийн мэдээг санал хурааж эхэлснээс хойш цаг бүрд олон нийтэд мэдээлж байх, (Жишээлбэл сонгуулийн санал хураалт 8:00 цагт эхлэхэд ирцийн мэдээ 9:00 цагаас эхлээд цаг бүр гарч байх) техникийн боломжийг бүрдүүлэн ажиллах нь зүйтэй юм.
- Сонгогчдын насны бүлгийг одоо байгаа 18-25, 26-40, 41-55, 56-с дээш гэсэн өргөн хүрээнд бус 18-19, 20-24, 25-29, 30-34, 35-39, 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-64, 65-69, 70-с дээш гэсэн аль болох бага алхмаар тодорхойлох. Ингэснээр сонгогчийн сонгуулийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, оролцоог сайжруулах оновчтой төлөвлөлт, шийдэл гаргах, ҮСХ-ны статистикийн бусад үзүүлэлтүүдтэй харьцуулах боломжтой болно.
Эдгээр мэдээллээ дахин боловсруулах боломжтой, нээлттэй өгөгдлийн форматаар байрлуулах, мөн тогтсон хугацаанд (сонгуулийн бус жилд нэг удаа, сонгуулийн жилд сонгууль зохион байгуулагдахаас өмнө) тогтмол шинэчлэх, үнэн зөв, бүрэн гүйцэд байх шаардлагыг хангах нь зүйтэй юм.

- Сонгогчийн бүртгэлийг бусад улс орнууд хэрхэн явуулдаг вэ? Монгол Улсад ямар хэлбэр нь тохирох вэ?
Монгол Улс сонгогчийн бүртгэлээ иргэний бүртгэлд үндэслэн, сонгуулийн үеэр сонгогчдын нэрийн жагсаалт гаргах нэг удаагийн шинж бүхий байдлаар явуулж байна. Энэ нь сонгогч сонгох эрхээ бүрэн дүүрэн эдлэх (нэрийн жагсаалтад бичигдэх) нөхцөлийг хангаж буй эсэх нь эргэлзээтэй, ил тод бус зэрэг сул талтай байна. Тиймээс шаардлагатай хууль, эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулж сонгогчийн бүртгэлийн байнгын (тогтмол) тогтолцоог бий болгон, тогтмол шинэчлэгддэг байх жишигт шилжих нь сонгууль үнэн зөв, бодит бүртгэлд үндэслэн явагдах боломжийг бүрдүүлэх, сонгогчийн бүртгэлийн мэдээллийн сангийн ерөнхий мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй байршуулах боломжийг давхар бий болгох давуу талтай гэж үзсэн байна.2020 оны 10 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарыг дуустал үргэлжилсэн тус судалгааны хүрээнд 1992 оноос 2020 оныг дуустал хугацаанд явагдсан сонгуулиудын сонгогчдын ирцийн мэдээлэлд болон хүчин төгөлдөр үйлчилж буй сонгогчийн бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ баримт бичгийн болон хууль эрх зүйн харьцуулсан шинжилгээний аргуудыг ашиглажээ.
Судалгааны тайланг бүрэн эхээр нь эндээс хүлээн авах боломжтой аж
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл