УИХ-ын гишүүн болохын төлөө “үхэн хатан” тэмцдэг гэдгийг мэддэг Монголчууд бидэнд УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзан, гишүүнээс болих хүсэлтийнхээ төлөө тууштай “тэмцэж байгаа” өвөрмөц хүсэлтийн тухай мэдээлэл чих дэлдийлгэв.
Учир юу гэвэл, 2012 оны УИХ-ын сонгуулиар 23-р тойрог буюу Сүхбаатар л дүүрэгт АН-аас нэр дэвшин ялалт байгуулж гишүүн болсон Р.Амаржаргал намын үүрийн харьялалынхаа дагуу Ховд аймгийн АН-ын дарга Д.Цэвээнравданд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө бараг сарын өмнө өгсөн билээ. Тэрээр өргөдөлдөө намын дүрэм болон бүтцийн үйл ажиллагаанд шүүмжлэлттэй хандаж байгаагаа илэрхийлээд ийм нөхцөл байдлын дунд үргэлжлүүлэн ард түмний төлөөлөл болж УИХ-д ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Түүний эл хүсэлтийг АН-ын журмын нөхөд л үл зөвшөөрөн “намдаа парламентын суудал авч ирсэн, намын шилдэг кадруудын нэг тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн утга санаа бүхий шийдвэрийг танилцуулжээ. Гэсэн хэдий Р.Амаржаргал гишүүн эл байдлыг үл тоон 3 хоногийн өмнө УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ албан ёсоор гаргажээ.
Тэрээр хүсэлтэндээ УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 -ийг үндэс болгосон байх юм. Тэгвэл эл хуулийн “6.6. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно” гээд “6.6.3-д: гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; тохиолдолд” гэж хуульчлан тогтоожээ. Одоо түүний эл хүсэлтийг УИХ-ын гишүүд хүлээн авсан тохиолдолд Сүхбаатар дүүргийн 23-р тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгууль болох юм байна. Сонирхолтой нь түүний эл хүсэлтийн талаар АН-ын дарга Н.Алтанхуяг өдийг хүртэл ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй байгаа бөгөөд энэ талаар асуусан сэтгүүлчдийн асуултанд ихэд ундууцан, “та нар өөрсдийнхөөрөө ойлго” гэж хариулжээ.
А.Галт
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

