Өчигдөр буюу Лхагва гараг нь Энэтхэг улсын цар тахлын түүхэнд хамгийн хүнд өдөр боллоо.
Сүүлийн 24 цагийн дотор тус улсад коронавирусийн халдварын 360,960 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь Энэтхэгт төдийгүй дэлхийд хамгийн өндөрт орох үзүүлэлт болжээ.
Үүнээс гадна 3,293 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь тус улсын хувьд нэг өдрийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Цар тахал эхэлсэн цагаас хойш Энэтхэгт нийтдээ 18 сая орчим хүн халдвар авч, 201,187 хүн нас баржээ.
Нийслэл Дели хотод хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа ч Covid-19 өвчний хүндрэлээр нас барах хүний тоо буурахгүй байна. Шарил чандарлах газруудын ачаалал хэтэрч, амиа алдагсдын ар гэрийнхэн 20 хүртэл цаг дугаарлан ээлжээ хүлээх болсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Дели хотын эрх баригчид албан ёсны тоо баримтыг зарлахдаа бодит тоог нуун дарагдуулж байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.
Тухайлбал сүүлийн долоо хоногийн хугацаанд Дели хотын шарил чандарлах газрууд Covid-19 өвчнөөр нас барсан 3,472 хүнийг оршуулсан тухайгаа мэдээлж байхад хотын захиргаа 2,127 хүн энэ хугацаанд коронавирусийн халдвараар нас барсан гэж мэдээлжээ.
Энэтхэгт дэгдсэн цар тахлын хоёр дахь давалгааны гол хүчин зүйлийг B1617 нэрээр бүртгэгдсэн коронавирусийн мутацлагдсан хувилбар гэж судлаачид үзэж байна. Уг хувилбар сүүлийн байдлаар дэлхийн 17 улсад хүрснийг илрүүлжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага одоохондоо уг хувилбарыг “variant of interest” ангилалд оруулаад байгаа юм.
Өмнө нь Бразил, Их Британи, Өмнөд Африкт илэрсэн вирусийн хувилбаруудыг “variant of concern” гэсэн илүү аюултай ангилалд багтааж байв.
Энэтхэгтэй хил залгаа болон өргөн харилцаатай орнуудад вирусийн шинэ хувилбар тархах эрсдэл үүсээд байна. Тухайлбал Номхон далайн арлын Фижи улсад саяхан Энэтхэг хувилбарын вирус илэрсний улмаас нийслэл хотдоо хатуу хөл хорио тогтоожээ.
Сүүлийн нэг жилийн турш цар тахлын аюулаас хол байсан тус улсад одоо халдварын “цунами” дэгдэж болзошгүй гэсэн айдас нүүрлээд байна.
Эх сурвалж: The Guardian