Монгол хүн дэлхийн дэвжээнд эр бяраа гайхуулсан нэгэн баяртай мэдээллийг та бүхэндээ дуулгая. Эрт цагт эрэлхэг Монголчууд Их эзэн Чингис хаанаараа удирдуулан дэлхийн дахиныг байлдан дагуулж байсан бол эдүгээ цагт монголын хүчтнүүд дэлхийн дэвжээнд бахдам амжилт гаргажээ.
Учир юу гэвэл, өнгөрсөн 10 сарын 26-аас 11 сарын 02-ны өдрүүдэд Чех улсын Прага хотод болсон дэлхийн паэрлифтинг буюу хүч тамирын аварга шалгаруулах тэмцээнд монголын паэрлифтингийн холбооны шигшээ багийн тамирчид 14 хүний бүрэлдэхүүнтэй анх удаа очиж оролцоод олон төрөлд аваргалж, багаараа дэлхийн 40 орчим улсаас 3 байрт шалгараад эх орондоо иржээ.
Паэрлифтинг нь штангтай суулт, штанг газраас татаж босгох, цээжний шахалт гэсэн үндсэн гурван төрөлтэйгээс гадна хувцасгүй гурван төрөлт гэж нэмэлт төрлүүд байдаг гэнэ.
Манай баг тамирчдын хамгийн ахмад 73 настай Цэгмид гуай 210 кг-д сууж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтосон бол өсвөрийн эмэгтэй тамирчин Отгонтуяа 2 төрөлд түрүүлж үнэмлэхүй аварга болжээ.
Европчууд тэмцээн эхлэхэд манайхныг Азийн хятад, япон, солонгос улс орны тамирчидтай адилтгаж төдийлөн анзаарахгүй байсан бол төд удалгүй манай тамирчдын ээлж дараалан гаргасан амжилтууд тэднийг мэл гайхуулжээ. Гайхаж цөхөрсөн европчууд монголчуудын булчин шөрмөсийг барьж үзэж байсан гэнэ билээ. Түүгээр ч барахгүй Чехийн өдөр тутмын сонин хэвлэлд “Чингис хааны удмынхан хүчний төрлөөр амжилт үзүүлж дахин дэлхийг донсолголоо” гэсэн утга агуулга бүхий нийтлэлийг хэвлүүлсэн ажээ.
Ямартай ч эх орныхоо нэрийг буурал Европын хүчний спортын төрөлд дуурсгаад ирсэн Монголын Паэрлифтингийн холбооны Ерөнхийлөгч С.Жаргалсайхан тэргүүтэй баг тамирчидад баяр хүргэн, амжилтаа улам бүр ахиулахыг хүсье.
А.Галт