“Евро-2020”-ын аваргаар Итали, мэргэн буучаар К.Роналду тодорлоо “Евро-2020”-ын сүүлчийн тоглолт Лондон хотын 90,000 хүний суудалтай алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болов. Уг тоглолтыг 67,173 хүн цэнгэлдэх хүрээлэнд үзсэн нь нийт суудлын 75 хувийг эзэлжээ. Тоглолтын хоёр дахь минутад оруулсан Английн шигшээгийн 26 настай хамгаалагч Л.Шоугийн бөмбөг Европын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтуудын хамгийн хурдан гоолоор бүртгэгдсэн аж. Харин 67 дахь минутад Италийн шигшээгийн хамгаалагч Л.Бонуччи тоог тэнцүүлэв. Энэ нь шигшээдээ долоо дахиа тоглож буй 34 настай түүний анхны гоол юм. Үүнээс хойш үндсэн болон нэмэлт цагт гоол орсонгүй. Ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулахад италичууд 3:2-оор илүүрхэн, тивийнхээ аварга цолыг 53 жилийн дараа хүртлээ. 2000, 2012 онд мөнгөн медаль зүүж байсан тэд 1980, 1988 онд хагас шигшээд үлдсэн бол “Евро-1968”-ын хүрэл медальт Англи 1996 онд шөвгийн дөрөвт шалгарчээ. Тэмцээний мэргэн буучаар таван бөмбөг, нэг оновчтой дамжуулалтаар Португалийн К.Роналду шалгарчээ. Чехийн П.Шик ижилхэн таван гоолтой ч оновчтой дамжуулалт хийгээгүй аж. Португали эр талбайд 360 минутыг өнгөрүүлсэн бол чех довтлогч 404 минутыг талбайд өнгөрөөсөн байна.
17 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн 2024 онд Германд зохиогдоно.