Лондоны цагдаагийн алба хаагчид “Евро-2020”-ын шувтаргын тоглолт болсон өдөр буюу ням гарагт хөгжөөн дэмжигчидтэй мөргөлдөх үеэр гэмтсэн байна. “Харамсалтай нь энэ үеэр манай 19 алба хаагч гэмтэж бэртлээ” гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдэв. Мөн тус байгууллагаас шигшээ тоглолтыг сайхан сэтгэл, тайван байдалтай үзсэн найрсаг олон арван мянган хөгжөөн дэмжигчдээ талархал илэрхийлээд, тоглолтын дараа саатуулагдсан хүмүүсийн тоо өсөж, 49 болсныг онцоллоо.
Цагдаа нар шөнийн турш Лондоны гудамжуудаар эргүүл хийх аж. Тоглолтын хувь заяаг шийдэх 11 метрийн торгуулийн цохилтын өмнө Английн зуу орчим хөгжөөн дэмжигч “Уэмбли”-гийн хамгаалалтын хашаагаар нэвтэрч, дотогш орохыг оролдсон ч хамгаалалтынхныг давж чадсангүй.