Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд НАЙМАН хоног үлдлээ.
Тэгвэл коронавируст халдвараас сэргийлэхийн тулд “Токио 2020” зуны XXXII олимпын наадамд амжилт үзүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүхээр болсон байна.
“Медалийг тамирчдын хүзүүнд зүүж өгөхгүй. Медалийг тавиур дээрээс тамирчид өөрсдөө гардаж авна. Медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн байрлуулах тул тамирчид халдвараас сэргийлэх боломжтой юм” гэж Токио хотод өчигдөр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.
Медаль авсан зарим тамирчдыг дараа нь гэр бүл, найз нөхөдтэй нь цахимаар уулзуулахаар болжээ. Мөн хөгжөөн дэмжигчдийнх нь ирүүлсэн 6 секундын видео мэндчилгээнүүдийг ёслолын үеэр том дэлгэцэн дээр тоглуулахаар төлөвлөсөн байна.