Ванга шиг хэлье, удахгүй МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллага шалгаад “буруугүй” гэж “нотолно”

Хөгжлийн банкнаас хамаарал бүхий этгээдүүддээ чанаргүй зээл гаргаж өгөхөд нөлөөлсөн байж болзошгүй, авлига албан тушаалын хэрэгт холбогдолтой эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулах хүртэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, УИХ-ын нэр бүхий гишүүд болон МАН-ын удирдах хорооны зарим гишүүдэд Мэдэгдэл хүргүүлж, тогтоол гаргасан.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үүнийгээ тайлбарлахдаа “Монгол Ардын нам авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт, дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэл, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байгаа, энэ хүрээнд Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон МАН-ын нэр бүхий дараах

  1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт
  2. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  3. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
  4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  5. УИХ-ын гишүүн Ч.Ундрам
  6. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  7. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
  8. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
  9. Дэд сайд асан Ш. Лхамсүрэн гишүүдийг 4-р сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ өөрөө гаргахыг үүрэг болгож, хэрэв гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлж, цаашлаад гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна” гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан олон нийтэд мэдээлсэн.

МАН-ын энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан тус асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн зарим нь нутаг орноо хөгжүүлэх, иргэдэд боломж олгох, ажилтай орлоготой болгох, үйлдвэр завод барих зорилгоор хөгжлийн банкнаас зээл авсан ч буруу хэрэг хийсэн мэт үйл хэрэгт нэр холбогдож ГҮТГҮҮЛСЭН тул хуулийн байгууллагаар шалгуулах болсон тухайгаа их л тунирхсан, ялархсан, мөн Үндсэн хуулийн заалт дурдан хуулийн байгууллагаар шалгуулан гэм бурууг тогтоох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэдгийг өөрийн цахим хуудаснаа сануулан пост оруулжээ.

Зүй нь бол хэн нэгэн УИХ-ын гишүүн, том даргын хамаарал бүхий этгээд биш, улс төрд дэмжлэггүй байсан ч ном журмынхаа дагуу аймаг орон нутаг, хөдөө хот хаана ч бай төсөл хөтөлбөр нь Хөгжлийн банкны зээлийн шалгуурын хангаад, авсан зээлээ эргэн төлөх нөхцөл графикийнхаа дагуу төлөөд явсан бол хэн юу ярих вэ?

Гэтэл УИХ-ын гишүүд өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээлийг асар өндөр шалгуур шаардлагыг нь “даваад” аваад өгчихсөн, тэд нь зээлээ эргэн төлөхгүй луу унжиж байгаа асуудлыг л бид яриад байгаа юм шүү дээ.

Төд удалгүй Хөгжлийн банктай нэр холбогдсон дээрх нэр бүхий МАН-ын болон УИХ-ын гишүүд хууль хяналтын байгууллагаар шалгуулчихлаа, буруугүй нь тодорхой боллоо, ном журмынхаа дагуу зээл авсан нь тогтоогдсон гэсэн албан бичгүүдийг тус бүрдээ “авчихна”, тэрийгээ Цахим орчинд нийтлэн, “Би эс хэллүү, хууль зөрчөөгүй байтал МАН-аас мань мэтийгээ хэлмэгдүүлэх дөхлөө” хэмээн “матрын нулимс” унагана.

Тэдний энэ үйлдлийн араас МАН-аас, хууль хяналтын байгууллагын дүгнэлт гарч, нэр бүхий гишүүдийг Хөгжлийн банкнаас авсан зээлд огт хамааралгүй, өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн нь тогтоогдоогүй учраас гишүүдээ эргүүлэн намдаа авч буй тухай шийдвэр гарна.

Ингээд хүсэл мөрөөдөлтэй залуусын боломжийг зүгээр л албан тушаалаараа дамжуулан “хулгайлсан, хамаарал бүхий этгээдүүдээ нөлөөлж авч өгсөн цагаан захтан хулгайчууд” гэмгүй царайлаад хуулийн хариуцлагаас мултарч үлдэнэ.

Ванга шиг хэлье, удахгүй МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллага шалгаад “буруугүй” гэж “нотолно” гэхийн учир энэ.

М.Билиг

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …