Үндэсний их баяр наадмын “Монгол бахархал” нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийн товч агуулгыг танилцуулж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Урлаг, соёлын салбар хороо, Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр
Ерөнхий найруулагч, зохиолч: Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн/
Ерөнхий зураач: Т.Ганхуяг /Урлагийн гавьяат зүтгэлтэн/
Ерөнхий бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч: Г.Ган-Очир /Соёлын тэргүүний ажилтан/
Ерөнхий хөгжмийн зохиолч: Б.Чинбат /Урлагийн гавьяат зүтгэлтэн/
Хөгжмийн зохиолч: М.Бирваа /Урлагийн гавьяат зүтгэлтэн/
Ерөнхий продюсер: Х.Дамдинсүрэн /Соёлын гавьяат зүтгэлтэн/
Гүйцэтгэх продюсер: Д.Цэрэнсамбуу /Урлагийн гавьяат зүтгэлтэн/
Продюсер, уран бүтээлчид хариуцсан менежер: Г.Амгаланбаатар /Гавьяат жүжигчин/
Зургийн дарга: Б.Жаргалсайхан /Ардын жүжигчин/
Ерөнхий зохион байгуулагч:С.Энхболд /Соёлын тэргүүний ажилтан/
Зөвлөхүүд: С.Дулам /Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн/, Н.Ганхуяг /Монгол Улсын Ардын багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн/
Ассистент найруулагч: Э.Ёндоншарав /Соёлын тэргүүний ажилтан/
Найруулагчдын баг: Я.Батсайхан /СТА/, Ч.Хатанбаатар /Урлагийн гавьяат зүтгэлтэн/, Ц.Батнайрамдал /СТА/, Г.Мөнхжаргал /СТА/, Д.Мөнх-Од /СТА/, Б.Бат-Өлзий /СТА/, Т.Буд /СТА/, Б.Ариунболд /СТА/, А.Чингүн /СТА/, Б.Сандуйжав /СТА/, Б.Болдбаатар /СТА/, Т.Майдаржав, Ц.Рагчаа, Г.Эрдэнэболд
Зураачдын баг: П.Бэрхээдэй /СТА/,Д.Ариундэлгэр/СТА/, Т.Түмэн-Өлзий /СТА/, Л.Сүхбаатар /СТА/, Б.Батсайхан
Бүжиг дэглээчид: Д.Баярбаатар /Урлагийн гавьяат зүтгэлтэн/, Д.Энхгэрэл /Гавьяат жүжигчин/, Д.Дашлхагва /СТА/, Д.Энхбаатар /СТА/
Хүүрнэл үг: Л.Эрдэнэбат /СТА, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч/
Зохион байгуулагчдын баг: Ц.Хишигтогтох, З.Нямзул /СТА/, М.Пүрэвсүрэн /СТА/, Б.Ариунзул, Н.Батбилэг /СТА/, Э.Цэнд-Аюуш /СТА/
Тулганы гал бадраах ёслол
Монгол наадмын сүр хүчин, ёс заншил, соёл, түүхийн бэлгэдэл болсон галын тахилгын ёслолоор наадмын нээлтийн ажиллагааны нэгдүгээр хэсэг эхэлнэ.
Тусгаар тогтнолын суу бэлгэ, монгол бахархалын дүр төрх, цадиг түүхийн гайхамшиг бүхнийг энэ ёслолоор харуулахыг зорьсон болно.
Галын тахилга бол өнө эртнээс уламжлагдан ирсэн эцэг тэнгэрийг шүтэн сайн сайхнаа ариусган даатгах зан үйл бөгөөд энэ бүхэн түүх шастирт, заншил шүтээний ул мөр, судар шастирын хуудас, хөшөө дурсгал, олдворт тодорхой илэрч байдаг. Түүнчлэн бөө шүтлэгийн болоод бурхны шашны олон зан үйл гал тахих ёслол холбогддог юм.
Чингис хааны эш хөрөг залах ёслол
Алтан наран ивээх зүгт наран тойрог хэлбэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн алтан тайзны магнай дээр Их эзэн хааны эш хөргөө залж, эв нэгдэл оюун санааны бэлгэдэл болгож их ойн баяртаа хуран чуулсан наадамчид, зочдынхоо санаа сэтгэлд нийцүүлэн үндэсний болон сонгодог урлагийн хосолмол шийдлээр урлаж, хүндэтгэлийн байранд байрлуулсан болно.
Их эзэн хааны эш хөргийг залах ёслол нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг доор энх тунх, эрүүл саруул, эсэн мэнд, эв найртай жаргаж амьдрахын утга бэлгэдлээр батлан харуулахыг зорьсноос гадна үндэсний их баяр наадмаараа анх удаа бий болгосон хүндэтгэл ёслолын шинэ хэлбэр бөгөөд цаашид уламжлал болгох юм.
Дөрвөн улирал оршихуй
Нүүдэлчин соёлын эрхэмсэг оршихуй болсон дөрвөн улирлын дундах аж амьдрал, соёл түүхийн түүчээ, хүн ардын баатарлаг намтар, өв дурсгал, тэмцэл ялалт, иргэншлийн тухай өгүүлнэ.
Дэлхийн хөгжил дэвшил, цаг хугацааны орчил дунд глобал ертөнцийн өнөөгийн байдалд нийцүүлэн авч үлдэх учиртай монгол заншил, ёс жудаг, эрхэмсэглэл, амьдралын баялаг сайхан уламжлал, түүний мөн чанарыг багтаан үзүүлэхийг зорьсон бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл юм.
Монголын их амар амгалан
Монголын эзэнт гүрний үед дэлхийг тохинуулж амар амгаланг тогтоож, 150 гаруй жил дайн тулаангүй амар амгалан амьдарч, улс түмэн найрамдаж, худалдаа арилжаа хөгжиж, соёл түүхийн хүрд эргэлдэн, сайн сайхныг бүтээн туурвиж ирсэн он жилүүдийн амьдралыг утгачилсан буюу уран сайхны хэлбэртэй жүжиглэхүйн дэгээр дүрслэн харуулна.
Дэлхий ертөнц дайн дажин, бослого тэмцэл, үймээн самуунгүй оршиход, Монгол Улс, монгол хүн үлгэр дуурайлал болж, эх дэлхийгээ хайрлах, эмхлэн цэгцлэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулж, энх цагийг тохинуулсан ухаант өвөг дээдсийн алдар гавьяаг дуурсган тодруулж түмэн олондоо түгээн хүртээх нь эрхэм нэгэн зорилго байлаа.
Монгол хөг, ая дан
Эртний түүх шастирт үлдсэн баримт, археологийн үнэт олдворт тулгуурлан эзэн Чингисийн үеэс Лигдэн хутагтын хаанчлал хүртэлх ордны найрал хөгжмийн тухай өгүүлнэ. Энэ найрал хөгжим бодитой оршин байсан бөгөөд хөлөг баатруудаа магтан дуулсан, улс монголынхоо сүр хүчийг илэрхийлсэн олон жишээ баримтаар баталгаажуулан хөгжим судлаач эрдэмтэн, мэргэд, урлагийн зүтгэлтнүүдийн сонирхлыг татаж, дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд шинэ ул мөр үлдээсэн судлагдахуун, танин мэдэхүйн үнэт өв болж байгааг тэмдэглэх, түгээн дэлгэрүүлэх санааны дагуу, ая дан хөгийг тааруулсан үзүүлбэр болно.
Монголын соёл, урлаг түүхэн он цагийн давтагдашгүй байдлын нэгэн чухал хэсэг нь энэ ая дан хэсэгт орсон эртний Скиф Алтайн ятга, хэнгэрэг, бүрээ тэргүүтэн хөгжмийн зэмсэг, түүний дуугаралтууд юм.
Монгол хэл бичиг мину
Монгол үндэстний хэл, соёл, бичиг зохиолын гайхамшиг, түүний язгуур түүх, хэрэглэж ирсэн Руни брахма согд төвөд тэргүүтэн болоод Монгол бичгийн тухай өгүүлэмжүүдийг энэ бүлэгт оруулсан болно.
Монгол бичиг, соёлын олон зуун жилийн намтар, эрдэмт мэргэн гүүш, бичээчдийн дүрээр дамжуулан дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийг уран сайхны аргаар үзэгч түмэнд хүргэхийг зорилго болгосон юм.
Тэнгэрийн элч
Бурхан багшийн сургааль, билигт тулгуурлан хайрлан энэрэх, нигүүлсэхүйн утгыг таниулах, эхийн ачлал, энэрэлийн дээдийг мэдрүүлэх зорилго доор энэ үзүүлбэр бэлтгэгдсэн болно.
Бурхан багш “Миний үзэл санаа умар зүгийн оронд дахин дахин дэлгэрнэ” гэж сургаальдаа айлдсан хийгээд эхийн ачийг хариулах тухай айлдсан ном сургаалаас санаа авч энэ хэсэгхэн үзүүлбэрт утгачлан үзүүлэхээр зэхсэн болно. Түүнчлэн бурхны оюун санаа, сургаал билгийн мөн чанар, төгс гэгээрэлд хүрэх зам мөр амаргүй боловч бүх сургааль номын дээд нь эхийн ачийг санан хариулах, үүнээс өөр сургааль үгүй гэсэн нинжин сэтгэл уянгын халил юм.
Бид нэг үндэстэн
Монголчуудын нэгдмэл оюун санаа, эв найрыг бэлгэдэн нэг тэнгэрийн доор, нэг үндэстэн оршин буйг илэрхийлж, “Өнгөрсөн, одоо, ирээдүй” гурван цагийн намтар түүхийн гайхамшгийг мэдрүүлэх зорилгоор энэхүү үзүүлбэрийг бэлтгэн хүргэж байна.
Монгол угсаатан, ястны түүх уламжлал, зан заншил, өв соёлын утга чанар энэхүү хөтөлбөрт тод харагдана. Түүнчлэн монгол түмний угсаа гарвал, ястан үндэстний онцлог зан заншлын ялгаа болон нийлэмжит байдал, өв соёлын нэгдмэл чанар зэргийг товойлгон үзүүлж, цаад агуулгаараа эв найр, нүүдэлчин удмынхны тэмцэл ялалт, оршин тогтнохын үндэс суурь, ирээдүйн зүй тогтол, хөгжил хөдөлгөөнийг өнөө цагийн нүдээр харж, өргөн утгаараа уламжлал шинэчлэлийг хослуулан харуулах зорилго, санааг агуулсан билээ.