Д.Есөн-Эрдэнэ: Дизель түлшний хангамж, үнийг нь тогтвортой байлгахын тулд ажиллана

ХХААХҮЯны Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.


-Газар тариалангийн салбарын цаг үеийн нөхцөл байдал ямар байна вэ. Ургац арвин авахаар байна уу?

-Манай улс энэ жил 368.4 мянган га-д үр тариа, 19.7 мянган га-д төмс, бусад хүнсний нөгөө 11мянган га-д тариалаад байна. Үндсэндээ 570 гаруй мянган га талбайд тариалалт хийсэн урьдчилсан дүн мэдээтэй байна. Стратегийн гол хүнс болох улаан буудайн тариалалтын тухайд ургамал соёололт болон бутлалтын үед байгаль, цаг уурын нөхцөл таатай, хур бороо элбэгтэй байсан нь ургацанд сайнаар нөлөөлсөн. Нийт тариалалтын чанарыг соёололтоор нь үнэлэх ажлууд хийгдсэн. Судалгаанд 85 орчим хувь нь хамрагдаж, соёололт сайн байгаа гэсэн үнэлгээ гарсан. Одоо улаанбуудайн хувьд цэцэглэлтийн үе шатандаа явж байна. Хур тундасны хэмжээ нэмэгдэж, чийг их байгаагаас өвчин гарах асуудал гарч байна. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид өвчин, хортонтой тэмцэх ургамал хамгааллын ажлуудаа сайн авч хэрэгжүүлж байгааг дурьдах нь зүйтэй. Манай яамны захиалгаар Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид тариалангийн төвийн бүс нутагт тариалангийн талбайд тархсан хогийн ургамал, хортон шавжийн тархалтын судалгааг хийсэн. Түүнчлэн өвчин, хортонтой хэрхэн тэмцэх арга туршлага хуваалцах, зөвлөмж хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

-Улаанбуудайн тариалалтын хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах уу?

-Дотоодынхоо үйлдвэрлэлийг улаанбуудайгаар бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Одоогоор ургац тогтоох ажил хараахан хийгдэж эхлээгүй байна. Наймдугаар сарын 18-наас хийхээр төлөвлөсөн. Түүний дараа хэдий хэмжээний ургац авах нь тодорхой болох юм. Тэр үе хүртэл цаг агаарын нөхцөл байдал ямар байхаас ихээхэн шалтгаална. Хур тундас их орвол ногоон масс ихээр үүснэ. Харин гэнэт их халах юм бол механик болц явагдаж, товчин толгой үүсэх магадлалтай. Цаг агаарын нөхцөл байдал одоогийнх шиг тааламжтай хэвээр байвал зорьсон хэмжээнд ургацаа авчих болов уу хэмээн таамаглаж байна

-Дизель түлшний үнэ энэ сарын 16-наас эхлэн нэмэгдсэн нь газар тариалан эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Ургац хураах цаг ойртож байгаа энэ үед салбар яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Ургац хураалтын талаар авах зарим арга хэмжээтэй холбоотой тогтоол гарсан. Ургац хураалт, хадлан тэжээлийн үед ашиглах шатахууны нөөц, хангамж, үнийг тогтвортой байлгах чиглэлээр холбогдох сайдуудад үүрэг болгосон. Үүний хүрээнд Уул уурхайн яам, Сангийн яам болон манай яамнаас хамтарч дизель түлшний үнийг тогтвортой байлгах арга хэмжээг авч хэрэгжүүлж дизель түлшний үнийг хаврын тариалалт хийх үетэй ижил хэмжээнд байлгах шийдвэр гаргасан.

-Уг шийдвэр хэзээ албажиж иргэдэд үр дүнгээ өгөх бол. Одоо зарим орон нутагт дизель түлшний үнэ литр нь 4100 орчим төгрөгийн үнэтэй байна шүү дээ. Дизель түлшний үнийг буурах хүртэл тариаланчид хүлээж байх нь зөв үү?

-Дизель түлшний үнэ хаврын тариалалтын үеэр тухайн бүс нутагт хэдэн төгрөгийн үнэтэй байсан тухайн үнээс нэмэгдүүлэхгүй байх талаар бодлогын дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Тиймээс дизель түлшний хангамж, үнийг нь тогтвортой байлгахын тулд ажиллана. Одоогийн байдлаар Засгийн газрын тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх шийдвэр бидэнд ирээгүй байна. Түлш шатахууны асуудлыг Уул уурхайн яам, санхүүгийн асуудлыг Сангийн яам шийдэх учраас холбогдох яамдуудаас тодруулах нь зүйтэй байх.

-Шатахуун, дизель үнэ өндөр байгаагаас ирэх жилийнхээ уриншийг хугацаанд нь тарьж чадахгүй байгаа гэдгээ тариаланчид илэрхийлж, дараа жилийн ургацанд нөлөөлөх талаар хэлж байна.Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Уринш хийгдэж байгаа.Нийт 339 мянган га талбайд уринш хийхээр төлөвлөсөн. Эхний боловсруулалт хийгдчихсэн. Хоёр дахь удаагийнх нь боловсруулалт хийгдэж байна. Уринш боловсруулалтыг хийх чиглэлийн Засгийн газрын тодорхой шийдвэрүүд гарсан. Тухайлбал, Засгийн газраас Эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн цогц төлөвлөгөөний хүрээнд тариаланчдад 100 тэрбум төгрөгийн нэн хөнгөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр дэмжуулж, гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай олгож байгаа. Энэ зээл тариалалт хийх, ургац хураах, уринш суулгахад дэмжлэг болох учиртай. Нийт тариаланчдын 66-67 орчим хувь нь уг зээлд хамрагдсан байна.

-Өнгөрсөн жил улаан буудайн үнийн тонн тутмыг нь 650 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр төрөөс гаргасан.Энэ жил ч бас ямар нэгэн байдлаар үнийг нэг хэмжээнд барих шийдвэр гаргавал тариаланчдад хүндээр тусах талаар хэлж байсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Төрөөс улаанбуудайн үнийг тогтоох асуудал огтоос байхгүй. Харин Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас зээл авсан иргэн, ААН-үүдтэй хамтарч ажиллах гэрээний хүрээнд тонн тутмыг нь 700-800 мянган төгрөгөөр тогтоож худалдаж авсан зүйл байгаа байх. Энэ бол улсын нөөц бүрдүүлэх буудай гэж ойлгож болно.

-Улаанбуудайн ургац арвин авсан тохиолдолд гадагшаа экспортлох боломж бий юү?

-Ер нь бол улаанбуудай, гурилаа экспортод гаргах боломж байгаа. Гэхдээ улаанбуудай бол манай улсын стратегийн чухал хүнс учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж дээр үндэслэж шийдвэр гаргана. Сүүлийн жилүүдэд улаанбуудайгаа экспортод гаргаагүй.

-Хүнсний ногоо тэр дундаа төмсний тухайд дотоодын хэрэглээгээ бүрэн хангадаг.Гэтэл төмсний үнэ 7000 төгрөгт хүрсэн нь ямар учиртай юм бол. Цаашид нийлүүлэлт, үнэ ханш ямар байх төлөвтэй байна вэ?

-Наадмын өдрүүдээр олон хоног амарсантай холбоотойгоор төмсний нийлүүлэлт бага зэрэг тасалдсан. Үүнтэй холбоотойгоор агуулахад байгаа нөөц багассан учраас үнэ нь нэмэгдсэн. Мөн тухайн үед дизель түлшний үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн учраас шатахууны үнийн өсөлтөөс болсон гэх ташаа мэдээлэл нийгэмд хүрсэн. Төмсний үнийн өсөлтийг шатахууны үнийн өсөлттэй холбож ойлгох нь өрөөсгөл ойлголт. Энэ жил төмс 19 мянган га-д тариалсан. Цаг агаарын нөхцөл байдал таатай байсан учраас дотоодынхоо хэрэглээг бүрэн хангах хэмжээний ургац авах болов уу хэмээн таамаглаж байна. Одоогоор төмс, хүнсний ногооны түүвэр хураалт орон нутгуудаас гарч, эхнээсээ зах зээлд нийлүүлэгдэж байна. Хүлэмжний хүнсний ногооны ургац долдугаар сарын эхээр гарч, зах зээлд тогтвортой нийлүүлэгдээд явж байгаа. Зах зээлд төмсний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үнэ нь буурдаг. Өнгөрсөн жил өөрийн өртөгөөсөө ч буурсан тохиолдол бий. Төмс, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэх үеэр борлуулалтыг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Үр тариа болон төмс хүнсний ногоогоо хадгалах, агуулах савны нөөц хэмжээ хэр нэмэгдэв?

-Үр тарианы тухайд 550 гаруй мянган тонны агуулах бий. Ихэнх нь томоохон ААН болоод гурилын үйлдвэрүүд дээр байна. Мөн ХААДС-д 180 мянган тонны багтаамжтай агуулах бий. Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны хувьд 254 мянган тонны багтаамжтай агуулах бий. Хүнсний ногооны 20-30 хувийг дулааны улиралд худалдан борлуулдаг бол үлдсэн хувийг нь зооринд агуулж борлуулдаг. Энэ жил төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргасан. Үүнээс 10 тэрбум төгрөгийг төмс, хүнсний ногоог худалдан авахад зориулсан зээлийг агуулахын ААН-үүдэд олгохоор шийдвэрлэсэн.

-Манай улсад жилдээ 30 гаруй мянган тонн бордоо шаардлагатай байдаг. Гэтэл энэ жил 2000 орчим тонн бордоо экспортолсон. Энэ нь ургацын хэмжээ, болцонд нөлөөлөх үү?

-Манайд жилд 30 гаруй мянган тонн бордоо шаардлагатай байдаг боловч жилд 5000-6000 тонн бордоо орж ирж байсан Хамгийн их нь 2015 онд 8000 тонн бордоо орж ирж байсан. Энэ жилийн тухайд хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалаад 2000 биш 4000 орчим тонн бордоо орж ирсэн. Гэсэн хэдий ч манай улс дотооддоо шингэн бордоо үйлдвэрлэж байгаа. Түүнийг ургалтын үед нь ашиглаж байна. Энэ жилийн тухайд шингэн бордоог түлхүү ашиглаж байна. Ер нь газар тариалангийн салбарын нэгж бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад үнэтэй гарах төлөвтэй байна. Чухам яг хэдий хэмжээгээр өсөхийг одоо хэлэх боломжгүй. Ургац хураалтын бланс гарсны дараа тодорхой болно.

-Хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих бодлого хаашаа чиглэж байна вэ. Дотоодын хэрэглээгээ хангахаас гадна экспортлогч орон болохын төлөө ямар алхам хийж байна?

-Газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг уураас ихээхэн хамааралтай салбар. Манай салбар шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжөөд 60 гаруй жил болж байна. Цаашид эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулж байж илүү оновчтой хөгжинө гэж харж байгаа. Газар тариалангаас гарсан бүтээгдэхүүнийг боловсруулж, нэмүү өртөг шингээгээд мал аж ахуйдаа ашиглаж, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж экспортод гаргах нь өртөг шингэсэн үйлдвэрлэл болно. Газар тариалангийн үйлдвэрлэл байгаль цаг уураас хэт хамааралтай, тариалан эрхлэх бүс хязгаарлагдмал буюу нийт газар нутгийн 0.7 хувьд нь л газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа учраас аль болох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорих нь чухал.

Эх сурвалж:Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …