Өнөөдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалтад хэрхэн хамрагдах болон томуу, томуу төст өвчний үед дэлгэсэн орны зохион байгуулалтын талаар танилцууллаа.
Одоогоор амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчин оношлогдож байгаа аж. Мөн хүүхдийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгсдийн 60 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногоосоо нэмэгдсэн үзүүлэлт юм. Түргэн тусламжийн дуудлага ч мөн нэмэгдсэн бөгөөд нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын 60 орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой байгааг албаныхан мэдээллээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Ц.Билэгтсайхан энэ үеэр “Энэ жил хоёр эх үүсвэрээс 500 гаруй мянган хүн тун томуугийн эсрэг вакциныг авахаар төлөвлөсөн. Энэ удаад 1-5 насны 214,000 хүүхэд, 42,200 жирэмсэн эх, 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй 218,000, эрүүл мэндийн ажилтан болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад томуугийн вакцин хийхээр төлөвлөгдсөн. 21 аймагт бүрэн түгээгдсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2540 хүүхэд, 13 жирэмсэн эх, 65 насны 942 хүн, эрүүл мэндийн байгууллагын 852 ажилтан томуугийн вакцинд хамрагдсан байна. Вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдийн вакцины нэгжээр дамжуулан хийхээс гадна 2-5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахын тулд цэцэрлэгүүд дээр хийж байна.” хэмээлээ.
Үүнээс гадна Томуугийн Үндэсний Төвийн дарга, доктор А.Бурмаа “Томуу, томуу төст өвчөөр оношлогдож буй хүмүүсийг насаар нь ангилбал, 90 орчим хувь нь 0-15 насныхан. Тэдний 60 гаруй хувь нь 0-4 насныхан бөгөөд 5-9 насныхны дунд ч өвчлөл нэмэгдэж байгаа. Харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцуудад энтеровирус, бокавирус, реновирус, синцитиаль вирусүүд давамгайлж байна. Энтеровирусээр бага насны хүүхдүүд голчлон өвдөх магадлалтай ба халуурах, хоолой, хэвлийгээр өвдөх, суулгах, толгой өвдөх шинж илэрнэ.
Бокавирусээр залуус өвдөх эрсдэлтэй, амьсгалын доод зам буюу уушги гэмтэх, хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг, ханиалгах, халуурах, найтаах, нусгайрах, бөөлжих шинж давамгайлдаг бол реновирус нь жилийн туршид хүн амын орчилд байдаг, хавар болон намрын цагт идэвхжил нь нэмэгддэг. Хамар, хоолойн салст хавагнаж, дунд чихний үрэвсэл болох зэрэг эрсдэлтэй байдаг. Харин синцитиаль(Respitatory syncytial virus)-д сүүлийн жилүүдэд анхаарлаа хандуулж байна. Энэ нь хоёр хүртэлх насныхан өвдөх магадлал өндөр. Хэв шинжийн хувьд томуугийн А, Б хүрээний вирустэй адил төстэй байдаг” гэдгийг онцолж байлаа.