Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргааш /2022.12.14/-ийн Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралдлаа.
Тус зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувьтайгаар олгосон байдаг. Тус иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх асуудлыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хөндөж, ажлын хэсэг байгуулсан.
Тус ажлын хэсгийн дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдэд урьчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой хэмээн гарсан. Иймд тус асуудлыг Засгийн газарт танилцуулахаар тогтлоо.
Түүнчлэн 2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргаад байсан. Үүний хүрээнд Монгол банкнаас гаргаж байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныхан яаралтай шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд даалгалаа.