Дэлхийд танигдсан үндэсний брэнд бүтээгдэхүүн гэж байдаг. Тэгвэл монголчууд бид өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ зорилгыг бодитой хэрэгжүүлэх үүднээс Монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” байгуулагджээ. Тус холбооны ТУЗ-ын дарга Б.Балжиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– Монгол брэнд бий болгох асуудал хэзээнээс эхлэлтэй вэ?
– Монгол Улс өөрийн өрсөлдөх чадвар дээрээ тулгуурлан олон улсын зах зээлд юугаараа ялгарах, гадаадын ямар зах зээлд ямар бараа үйлчилгээ, ямар стратегиар гарах талаархи маркетингийн нэгдсэн судалгаа шинжилгээ саяханыг хүртэл нарийн хийж тооцоолоогүй явж иржээ. Энэ чиглэлд нэгдсэн бодлого дутмаг байдлаар явсаар 2013 оныг хүрсэн байдаг. Үйлдвэрлэгч бүр тус бүрдээ өөр өөрийн гэсэн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд гаргах, улмаар дэлхийн хэмжээний брэнд болгочих чин хүсэл, эрмэлзлэлтэй явсаар 2013 онтой золгосон. Энд яалт ч үгүй төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж дутагдаж байсан юм. Харин Шинэчлэлийн ЗГ-ын баримтлаж буй бодлогын хүрээнд 2013 оны 3 сард болсон Монголын эдийн засгийн чуулганы ”Монгол брэнд-Дэлхийд″ салбар хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь энэ чиглэлд ихээхэн ахиц дэвшил авчирах гүүр болсон. Энэ хэлэлцүүлэг олон улсын зах зээлд монгол брэндийг бий болгох бодлогын асуудал” сэдвээр өрнөсөн юм. Олон улсын зах зээлд Монгол Улсын нэгдсэн брэндийг бий болгох, нэгдсэн брэндээс дэд брэндүүдийг бий болгох үндэсний бодлогын өнөөгийн хэрэгцээ шаардлага, бодлогын хүрээ, хэрэгжүүлэлтийн стратеги, үйл ажиллагааны чиглэл зэргийг төр, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, хувийн хэвшлийнхний хүрээнд өргөнөөр хэлэлцүүлсэн. Эндээс бид брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэгдэж, тодорхой зохион байгуулалтанд орж, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ чанар төрөл дээр нь илүү сайн анхаарч нэгдсэн бодлогоор далайцтай хөдлөж дэлхийн түвшинд гаргах боломжтой юм байна гэдгийг олж харж холбоогоо байгуулах шийдэлд хүрсэн.
– Танай холбоо ямар зорилготойгоор, хэзээ байгуулагдсан вэ?
– Бид “Монголын брэндийг дэлхийд” гэсэн уриатайгаар, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг олон нийт, дэлхий дахинд таниулан сурталчилж, улмаар дэлхийн зах зээлд нэвтрүүлэх тод тодорхой зорилготой. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бид эвлэлдэн нэгдэж, “Монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидийн холбоо” хэмээх албан ёсны хуулийн этгээдийн статустай байгууллага болж өргөжлөө. Холбоо маань 2013 оны 4 сард байгуулагдсан. Одоо бодлого төлөвлөлтийн ажил дээрээ ихээхэн төвлөрч анхааран ажиллаж байна.
– Аливаа бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээний брэнд болгоно гэдэг амар ажил биш байх. Үүний тулд хэрэглэгчидэд тулгуурласан судлагаа тооцооны ажил хийгдэх ёстой мэт санагддаг.
– Та үнэнийг хэллээ, ерөөсөө ямарваа бүтээгдэхүүнийг хүмүүс хүлээн зөвшөөрнө гэдэг бол өнгө дизайн, чанар гээд олон хүчин зүйлс маш сайн байх ёстой болдог. Мөн дээр нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн орчны бодитой судалгаанд үндэслэсэн дэвшилтэт технологын шинэ үйлчилгээний хэлбэр, уян хатан үнийн стратеги, үр нөлөө бүхий мэдээлэл сурталчилгаанд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх ёстой болдог. Ингэж чадаж гэмээнэ сая тухайн бүтээгдэхүүн олны таашаалд нийцсэн брэнд болох боломжтой юм. Манай холбооны зүгээс гишүүнчлэл бүхий байгууллагаа дээдэлсэн имидж дүр төрхийг бүрдүүлэн хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр ханган үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдийг сурталчилан таниулах ажлыг хариуцан хэрэгжүүүлж эхлээд байгаа юм. Ер нь бид зорилгодоо хүрэхийн тулд Монгол брэндийг чанаржуулж дэлхийн зах зээлд гаргах таниулах, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэлэг брэндийг зорилтот зах зээлд амжилттай нэвтрүүлэх, үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидийг дэмжсэн олон талт уян хатан үйлчилгээ үзүүлэх, шинэ дэвшилтэт технологид тулгуурласан үйлчилгээг төлөвшүүлж хөгжүүлэх, хэрэглэгчидийг үнэн зөв мэдээллээр хангах тэдгээрийн эрх ашгийг дээдлэх зэрэг арга замуудыг төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчидийг нэгтгэх гишүүнчлэлээр элсүүлэх ажил эд өрнөж байна.
– Танай холбооны гишүүн болсноор үндэсний үйлдвэрлдэгч байгууллагуудад ямар давуу тал бий болох вэ?
– Юуны өмнө дээр дурьдагдсан боломжууд гишүүн байгууллагуудад маань нээлттэй болохоос гадна бүтээгдэхүүний талаарх нарийвчилсан судлагаа, маркетингийн тал дээр бид сургалт зөвлөгөө олгох замаар дэлхийн нэр хүндтэй брэнд бүтээгчидийн нохау-с суралцах судлах туршлага солилцох дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн экспертүүдтэй зөвлөлдөх уулзалт, зохион байгуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх брэнд бүтээх чиглэлээр хамтын ажиллагааны өргөн суваг нээгдэнэ гэж ойлгож болно. Мөн бидний зүгээс бүтээгдэхүүний онлайн худалдаа хийх, олон нийтэд тухайн бүтээгдэхүүний талаарх мэдээлэл сурталчилгаа таниулга хийх, ОУ-ын үзэсгэлэн яармаг худалдаанд манай улсын байгууллагаас оролцуулахад зуучлаж холбож өгөх гээд олон ажлуудыг бид төлөвлөж байна. Үндэсний үлдвэрлэгчид та бүхэн манай холбоонд элсснээр өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг брэнд олгох боломжтой юм. Монгол брэндийг дэлхий даяар түгээцгээх үйлсийг хамтдаа хэрэгжүүлье гэж хэлэх байна. Манай холбооны http://www.mongolianbrands.mn/ цахим хаягаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
– Та бүхний үйл хэргийг төр засгийн байгууллагуудаас дэмжиж байгаа юу?
– Монгол брэнд дэлхийд танигдана гэдэг асуудал нь дан ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага, эсвэл манай холбооны хэрэг биш энэ бол Засгийн газар, салбар харьяа яамд болон үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагууд бид бүхний хамтын оролцоо байх ёстой гэж ойлгодог. Ямартай ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ салбарт ихээхэн ач холбогдол өгч байгаад бид талархаж явдаг. Шинэчлэлийн Засгийн газраас үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Бидний зүгээс 2014 он гараад оны эхээр үндэсний брэнд үйлдвэрлэгчид, төр засгийн байгууллагуудтай хамтарсан томоохон хэмжээний үндэсний зөвлөгөөн чуулганыг хийж, асуудлаа хэлэлцэж, нарийвчлан хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлоод цаашаа хамтдаа нэг зорилгын төлөө эрч хүчтэйгээр явах нь зүйтэй гэж би хувьдаа бодож байна. Эдийн засаг хөгжлийн яам болон ҮХААЯ-тай хамтран энэ үндэсний чуулганыг хамтран зохион байгуулах саналаа удахгүй тавина гэж төлөвлөж байна. Брэнд ярихаар зайлшгүй үйлдвэрлэлийн салбартай холбогдоно. Брэндийг бүтээгчид нь өөрөө үйлдвэрлэгчид учраас тэр. Үйлдвэр явагдаж чанартай брэндийг бүтээж дэлхийн зах зээл дээр арилжаалагдан хүлээн зөвшөөрөгдөж эдийн засгийн эргэлтэнд орсоноор улс эх орны эдийн засагт ч чухал нөлөө үзүүлнэ. Манайд дэлхийн зах зээл дээлд гаргаж буй үндэсний брэнд гээд ярихаар яг үнэнийг хэлхэд ноос ноолууран бүтээгдэхүүнээс өөр зүйл одоогоор алга, үүнийгээ төрөлжүүлж улам боловсронгуй болгож чанаржуулаад үндэсний гэсэн агуулгийг багтааж нэмүүн өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож гаргах боломж бидэнд маш өндөр байна. Хамгийн гол нь бидэнд нэгдмэл байдал, төрийн оролцоо дэмжлэг л илүү их хэрэгтэй байна.
– Ярилцлага өгсөнд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.
Ярилцсан А.Галт