Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаатай төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ оны нэгдүгээр сарын 10-нд Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Тус хуулийг яагаад шинэчлэн батлах шаардлагатай болсон бэ?
-Төмөр замын тээврийн тухай хууль анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх практик шаардлага үүссэн. Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн.
2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч 1 байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгдээд байна.
-Өөрөөр хэлбэл Төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж, үндэсний төмөр замын сүлжээний урт нэмэгдсэнтэй холбоотой юм байна?
-Зөвхөн 2022 онд гэхэд үндэсний төмөр замын сүлжээний урт 2.964.9 км болж өмнөхөөс 40 орчим хувиар нэмэгдсэн. Тухайлбал, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гурав дахь гарцтай болсон. Цаашид ч төмөр замын сүлжээ улам өргөжих төлөвтэй байна.
–Одоо мөрдөгдөж байгаа хуулийн зорилтоос юугаараа ялгаатай вэ?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж төмөр замын тээврийн тухай хуулийн зорилт нь “төмөр замын тээврийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зөвхөн аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тодорхойлсон.
Харин шинэчилсэн хуулийн төслийн зорилтыг “Төмөр замаар зорчигч, ачаа тээвэрлэх, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, суурь бүтэц барих, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна” гэж тодорхойлж, Монгол Улсын нутаг дэвсгэрт төмөр замын тээвэртэй холбоотой харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй үйлчлэх юм.
-Хуулийн төсөлд шинээр оруулж байгаа зохицуулалтууд нь юу вэ?
-Нэгдүгээрт, хуулийн төсөлд тодорхойгүй байсан төмөр замын нийтийн зориулалттай болон тусгай зориулалтын зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудал.
Хоёрдугаарт, төмөр замын зориулалттай газрыг тодорхойлж, төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсийн талаарх зохицуулалт.
Гуравдугаарт, төмөр замын суурь бүтцийн зураг төсөл, барилгын ажил, суурь бүтцийг ашиглалтад оруулах.
Дөрөвдүгээрт, төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийн талаар тусгаж, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч тэгш эрхийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх.
Тавдугаарт, төмөр замын тээвэрлэгчийн эрх үүргийг нэмэгдүүлж, тээвэрлэгч нь өөрийн гэсэн хөдлөх бүрэлдэхүүнтэй байх, өөрийн зүтгүүргүй тохиолдолд зүтгүүрээр үйлчлүүлэх гэрээ байгуулсан байх, мөн суурь бүтцийн үйлчилгээний гэрээ байгуулсан байх зэрэг шаардлагыг тодорхойлсон.
-Хуулийн төслийн ач холбогдол нь юу вэ?
-Хууль батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцааг тодорхой, оновчтой зохицуулна. Мөн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангаж, тээврийн үр ашиг нэмэгдэх юм.
Мөн төмөр замын ажилтны нийгмийн баталгаа сайжирч, тэдний тогтвортой ажиллах нөхцөл боломж бүрдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотойгоор ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах асуудлыг илүү тодорхой зохицуулна.
Төмөр замын тээврийн салбарт төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг төлөвлөлттэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.
Түүнчлэн төмөр замаар хийх экспорт импорт, транзит тээврийн хэмжээ нэмэгдэх, төмөр зам дагасан хөгжил хурдасч, зам тээврийн салбарын шинэ сэргэлт улам эрчимжих боломж нээгдэнэ гэж үзэж байна.