Жюү жицүгийн “CONDITION CUP- 2023” тэмцээн эхэллээ

“ШинэСэгэ Мед” компани “Монголын жюү жицүгийн холбоо”-той хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “CONDITION CUP-2023” тэмцээн өнөөдөр /2023.04.17/ Монгол бөхийн өргөөнд эхэллээ. “CONDITION CUP-2023” тэмцээнийг нээж “Шинэсэгэ Мед” компанийн гүйцэтгэх захирал Ц.Жадамбаа, “Монголын жюү жицүгийн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ нар үг хэллээ.

“ШинэСэгэ Мед” компанийн гүйцэтгэх захирал Ц.Жадамбаа тэмцээнийг нээж үг хэлэхдээ “ Та бүхэнтэйгээ хоёр дахь жилдээ уулзаж байгаадаа баяртай байна. Миний хувьд тус спортоор хичээллээд таван жил болж байна.

Жюү жицүгийн спортод хайртай, итгэл үнэмшилтэй байгаа та бүхнийг хараад чин сэтгэлээсээ баярлаж байна. Энэ оны долоодугаар сард манай улсад Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа. Энэ бол маш том тэмцээн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа Монголын жюү жицүгийн холбооны хамт олонд амжилт хүсье.

Манай компани “CONDITION CUP” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байгаа гол зорилго нь нийгмийн хариуцлагын хүрээнд монгол хүн бүр, хүүхэд бүр эрүүл байгаасай.

Жюү жицүгийн спортоор хичээллэж байгаа хүн бүр энэ спортдоо   хайртай, дур сонирхолтой болоосой хэмээн энэ тэмцээнийг дэмжиж байгаа” гэдгийг онцлон хэлсэн юм.

“CONDITION CUP-2023” тэмцээнд Жюү жицүгийн 36 академийн 800 гаруй тамирчин таван дэвжээнд 327 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

“CONDITION CUP -2023” тэмцээнд RALPH GRACIE академи хамгийн олон буюу 114 тамирчинтай оролцож байна.


RALPH GRACIE  академийн хамгийн отгон тамирчин Б.Тэмүүлэнтэй цөөн хором ярилцлаа.

Тэрээр Нийслэлийн 35-р сургуулийн 1Б ангийн сурагч бөгөөд тус тэмцээний 6-7 насны ангиллын 23кг-ийн жинд барилдаж аваргалсан билээ.

-Сайн уу өөрийгөө танилцуулаач?      

-Сайн байна уу. Намайг Б.Тэмүүлэн гэдэг. Би долоон настай, хөвгүүдийн 23кг-ийн жинд барилдсан.

Ямар амжилт үзүүлэв?

-Гурван удаа барилдаад ялсан. Тэгээд алтан медаль авсан.

-Чиний анхны медаль уу?

-Миний хоёр дахь медаль. Би өмнө нь хүрэл медаль авч байсан.

-Барилдаад хэр удаж байгаа вэ?

-Би мэддэггүй ээ. Манай ах л мэднэ. Энэ тэмцээнд ах, эгч аавтай оролцож байгаа.

– Чиний хувьд барилдахын юун таалагддаг вэ?

-Барилдаад ялах, бас медаль авах чинь ёстой гоё шүү. Энэ л надад маш их таалагддаг.


Монголын Жюү жицүгийн холбоо үүсгэн байгуулагдаад 16 жил болж байна. Энэ онд жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн эх орондоо зохион байгуулах эрхийг албан ёсоор аваад байгаа билээ.
Тус холбоо нь 2019 онд Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулж байсан туршлагатай юм.


Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …