Шалгаж танилцах ажлын зорилго нь дээрх байгууллагуудад Боловсролын тухай, Бүрэн дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиуд болон Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилт ямар байгаатай танилцаж, боловсролын байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар санал, зөвлөмж боловсруулан Байнгын хороонд танилцуулах аж.
Гишүүд эхлээд Хан-Уул дүүрэгт байрлах Америк сургуулийг зорьсон юм. 2006 онд ашиглалтанд орсон уг сургууль нь өнөөдрийн байдлаар 520 хүүхдийг сурган хүмүүжүүлж Америк, Канад улсын боловсролын философийг дагнан олон улсын хэмжээний стандартыг мөрдөн үйл ажиллагаагаа явуулдаг байна. Нийт сурагчдын 80 хувь нь монгол бөгөөд үлдсэн 20 хувь нь гадаад болон холимог сурагчид байдаг байна. Гэвч Монгол Улсад мөрдөгдөж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дүрэмт хувцас өмсөх асуудал энэ сургуульд хэрэгжээгүй байгаагийн зэрэгцээ мөн монгол хэлийг заах хичээлийн цаг бусад сургуулиудтай харьцуулахад бага байгаа нь тодорхой байлаа.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Америк сургуулийн талаар хэлэхдээ, нэг талаас ийм тусгай гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг зохицуулах хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байгаа юм. Хуулиараа бол үндэсний боловсролын стандартыг мөрдсөн байх ёстой, сурагчдын нэгдсэн дүрэмт хувцас өмсөх ёстой гэх мэт олон зүйл заалтууд хэрэгжихгүй байгаа нь энэ сургууль дээр харагдаж байна. Нөгөө талаас, манай Үндэсний боловсролын стандарт Олон улсын боловсролын стандартаас өндөр гэж бид хэлж чадахгүй, тэгэхээр тусгай болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын хууль зүйн орчинг бий болгох тал дээр анхаарах ёстой юм байна гэлээ.
Дараагийн танилцсан сургууль бол Сүхбаатар дүүрэгт байрлах Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллеж байлаа. Тус сургуулийн захирал П.Цэгмид, Монгол Үндэстний ардын гар урлалын сургууль болох зорилт тавин ажиллаж байгааг танилцуулсан юм. Мөн бусад ястан үндэстнүүдийн эрх ашгийг хамгаалсан үндэсний өв, соёлоо дэлгэрүүлэх бодолтой явдагаа ч хэлэв. 650 хүүхдийн багтаамжтай Үйлдвэрлэл, урлалын коллежид өнөөдөр 1400 гаруй хүүхэд суралцаж байна. Үүнээс 80 хувь нь ядуу, орлого бага, өнчин хүүхдүүд байдаг тул сургалтын төлбөр авдаггүй аж.
Сургалтын албаны дарга н.Баянаа хэлэхдээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургахад тусгай бэлтгэгдсэн сэтгэл судлаач багш шаардлагатай байгаа, мөн 2,5 жилээр коллеж төгсөж байгаа сурагчид 12 жилийн аттестат авдаггүй . Учир нь уг коллеж өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяанд байж байгаад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд шилжсэнээр боловсролын талаарх шийдвэл зохих асуудлууд гээгдсэн гэлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Үндэсний гар урлалыг хөгжүүлэх талаар өмнөө зорилт тавин ажиллаж байгааг сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Гишүүд тус сургуультай танилцсаны дараа Монгол Улсын Их Сургуулиар оров. МУИС-ын захирал А.Галтбаяр, Сургалтын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү нар гишүүд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.
МУИС цаашид Судалгааны их сургууль болох зорилготой ажиллаж байгаа аж. Тус сургууль төгсөгчдийн чанар, судалгааны ажлын чанарыг баттай сайн байлгах тал дээр голлон ажиллаж байгаагийн зэрэгцээ 2013 оны байдлаар МУИС нийт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын 33 хувийг хийж, 2015 онд Судалгааны төв барин, ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хэлэхдээ, Монгол Улсын боловсролын салбарт шийдэх асуудал их байна. Өнөөдөр бид дунд сургууль, коллеж, их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Дээрх сургуулиуд дээр гарсан зөрчил, тулгамдаж буй асуудлыг бид байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэх болно. Цаашид нэгдсэн хуралдаанаар ч орох боломжтой гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.