Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв.
Уулзалт, хэлэлцээ үр дүнтэй болж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.
Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Мөн хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг үе шаттай ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэх талаар ярилцсанаа онцлов.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг гэдгийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нотлов.
Харилцан ашигтай төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ
Талууд хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ нотолж, хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Сансар судлалын салбарт хамтран ажиллана
Талууд энхийн зорилгоор сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын сансрын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болов.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэнэ
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар болов. Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллахаар болов.
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсныг францын тал дэмжиж байгаагаа мэдэгдэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд талууд Хамтарсан тунхаглал гаргав.
Энэ тунхаглал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсныг төрийн тэргүүн нар тэмдэглэв.