Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын зарим гишүүд, Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, инноваци зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар тохиролцсон үр дүнтэй айлчлал болж байна. Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн албан айлчлалын зарим онцлогийн товчлон дүгнэж өгүүлье.
1. Хятадын шинэ Ерөнхий сайдын хүлээн авч буй хамгийн анхны албан ёсны гадаад айлчлал болж байна.
2. Монгол улсын “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн стратегийг Хятадын “Бүс ба Зам” зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гол бодлого, стратеги төлөвлөгөөтэй уялдуулах талаар бодлогын тохиролцоонд хүрэв.
3. Боомт болон хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, ялангуяа Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Бичигт зэрэг боомтыг хоёр оронд харилцан ашигтайгаар багцлан хөгжүүлэх “Эрдсийн хойд хаалга” ойлголтыг Ши Жинпинь даргатай ярилцаж харилцан ойлголцсон. Монголын боомтууд, төмөр замын асуудлыг цогцоор нь тавьсан “Эрдсийн хойд хаалга” саналыг Ерөнхийлөгч Ши Жинпинь “нээж болохыг нь нээж, холбож болохыг нь холбох” хэрэгтэй гэж хариу өгчээ. Мөн Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн Зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ байгуулав.
4. China National Petroleum Corporation буюу Хятадын Үндэсний газрын тосны корпорацитай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирсон бөгөөд энэ хүрээнд газрын тосны олборлолт хайгуулын ажлыг өргөтгөх, дизель болон евро стандартын түлш шатахууныг Монголын зах зээл, хэрэглэгчдэд нийлүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцон санал солилцов. Ингэснээр шатахууны нийлүүлэлт тогтворжиж, валютын ханш буурах үндсэн нөхцөлүүд бүрдэж байна.
5. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр Хятадын удирдлагуудтай төрийн дээд хэмжээнд хоёр талын хувийн хэвшил, компаниуд хоорондын хамтын ажиллагааг дээд түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирсон бөгөөд энэ хүрээнд Монголд хөрөнгө оруулах, хамтын ажиллагаагаа өргөтгөх сонирхолтой томоохон компаниудтай уулзалт зохион байгууллаа.
Мөн Хятадын талтай хамтран ажиллах сонирхолтой Монгол улсын жижиг дунд болон бусад бүх аж ахуйн нэгж, хувийн хэвшил компаниудын оролцоог хангах талаар дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцжээ.
6. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол, Хятадын бизнесийн 50 байгууллага, компаниуд худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хүрээнд 3.1 тэрбум юань буюу 420 гаруй сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Худалдаа хөрөнгө оруулалт 10 гаруй салбарыг хамарчээ. Ингэснээр Засгийн газар хоорондын болон хувийн хэвшлийн хүрээнд нийт 2.8 тэрбум ам. доллар буюу 9.7 их наяд төгрөгийн хэлцлийг эцэслэн тохиролцож шийдвэрлэн, гарын үсэг зурсан байна.
7. Хятадын Ардын банкны своп хэлцлийг сунгахаар тохиролцлоо.
8. Замын Үүд-Эрээний авто замын боомтыг 24 цагаар ажиллуулах талаар харилцан тохиролцож бэлтгэл ажлын хэсэг хоёр талаас томилогдлоо. Уг асуудлыг талууд яаралтай шийдвэрлэхээр болсон бөгөөд хоёр улсын худалдаа эдийн засгийн хамгийн чухал боомтыг 24 цагаар ажиллуулснаар ачаа барааны эргэлт бодитоор огцом өсөх суурь тавигдаж байна. Энэ нь 2 улсын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх чухал нөхцөл болох юм.
9. Монгол Улс БНХАУ-ын пандаг хамгаалсан туршлагаар говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай болох зөвхөн Монголын говьд амьдардаг монгол мазаалайг хамгаалах нэмэлт хэлэлцээрийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Цаашид жил бүр энэ төслийг өргөжүүлэн пандаг хамгаалах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга туршлагаар монгол мазаалайгаа хамгаалах хөтөлбөрийг үр дүнд хүргэхээр болсон.
Эх сурвалж:Амлалт.мн