Ц.Элбэгдорж Ховдод очсоны учир тайлагдав

Ихэвчлэн саарал ордон дахь дөрвөн хананы дунд өрнөдөг томоохон улс төр, эрх ашгийн “зодоон” энэ долоо хоногт хөдөө нутагт болж, багагүй агаар салхи амслаа. Тодруулбал, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга тэргүүтэй төлөөллүүд баруун бүсийн аймгуудаар тойрч иргэдтэй уулзалт хийж буй. Тэгвэл эхнээсээ л нам, төрийн ажлыг хослуулахаар бэлтгэсэн Ерөнхий сайдын орон нутгийн томилолт Ховдод ихээхэн улс төртэй тулгарлаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайдыг Ховдод томилолтоор ажиллахтай зэрэгцэж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн адил Ховдыг зорьжээ. Ингэхдээ тэрбээр, Халзан бүргэдэйн орд байдаг Мянгад сумын иргэдтэй уулзалт хийсэн гэнэ. Мөн түүнтэй хамт “Монголын зэс” корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин хамт Ховдод ажиллажээ.

Ховд аймгийн Мянгад суманд орших газрын ховор элементийн томоохон нөөц болох Халзан бүргэдэйн орд газарт Засгийн газар болон Худалдаа хөгжлийн банкны “Сахал” Д.Эрдэнэбилэг нарын хооронд битүүхэн “зодоон” өрнөөд удаж буй. Тодруулбал, тус орд газрын хайгуулын лиценз 2012 онд “Сахал” Д.Эрдэнэбилэгийн талд шилжсэн бөгөөд тус орд газрын төслийг нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг авдаг “Монголын зэс” корпорацийн Ц.Пүрэвтүвшин хариуцаж байгаа аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд газрын ховор элементийг экспортод гаргах талаар бараг айлчлал хийсэн улс болгонтойгоо ярьж буй. Ялангуяа өндөр технологийн зах зээлд тэргүүлэгч, газрын ховор элементийн хэрэгцээ өндөртэй Герман, АНУ-уудтай энэ талаар багагүй яриа хэлэлцээрүүд хийсэн билээ.

Гэтэл нөгөө талд манай улсын газрын ховор элементийн хамгийн том нөөцөд “Сахал” Д.Эрдэнэбилэг эзэн сууж байгаа асуудал гарч ирэх нь тэр. Өөрөөр хэлбэл, Халзан бүргэдэйн ордыг яах вэ. Л.Оюун-Эрдэнэ дахиад “49 хувийнхантай” тулах уу гэдэг өнцөг улс төрийн хүрээнийхэнд сэм шивнэлдэх том сэдэв болоод байна. Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “Сахал” Д.Эрдэнэбилэгт энэ ордыг өгч, ашиглуулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх. Тиймээс ч өчигдөр Ховдод Ерөнхий сайдын томилолтой зэрэгцэж экс Ерөнхийлөгчийг Ц.Элбэгдорж Мянгатын иргэдтэй уулзсан хэрэг. Мөн Ховдын засаг дарга Б.Болормааг эсэргүүцсэн акцыг өрнүүлсэн байх магадлалтай. Ерөнхий сайд ч Б.Болормааг өнгөрсөн жил зүтгүүлсээр байгаад Ховдын засаг даргаар тавьсан нь цаанаа улс төрийн учир жанцан өндөртэй “нүүдэл” байжээ.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Бараг Засгийн газрын хуралдаанаас уг ордыг төрд авах ажлаа албан ёсоор эхлүүлэх байх. Ерөнхий сайд уг ордын талаар нутгийн иргэдээс асууж, тэдний санал бодлыг үндэслэж шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Өнгөрсөн хугацаанд нутгийн иргэд Халзан бүргэдэй уулаа ухуулахгүй гэсэн байр суурийг хангалттай илэрхийлсэн. Бүр иргэдийн эсэргүүцэл нь эрчимж хүндрэх шатандаа орсон тул лиценз эзэмшигчид нутгийнханд нь гурил будаа, тараах гээд чадаагүй гэдэг. Тиймээс нутгийн иргэдийн хүслээр, Ерөнхий сайдын бодлогоор Халзан бүргэдэйн орд газар “Сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нөхдөөс тун удахгүй холдох нь гарцаагүй.

Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж, “Сахал” Д.Эрдэнэбилэг болон Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнэ нарын асуудал улам л нэмэгдэнэ гэсэн үг.

Эх сурвалж:Ubn.mn

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …