Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдын хязгаараас хоёр мессеж илгээжээ. Нэгийг нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар, нөгөө нь МАН-ын даргын хувиар хэлсэн байна.
Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаагаа тэрбээр дуулгахын сацуу эрх баригч нам ирэх 2024 оны сонгуулийн листийн эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа зарлаж, мөн бусад намуудыг ч уриалжээ.
Хаврын чуулганаар УИХ-аас Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал гурван хуульд реформ хийсний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Парламентын гишүүдийн тоог 126 болгож, үүний 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгохоор эцэг хуульд өөрчлөлт оруулснаарнэг гишүүнд оногдох эрх мэдлийн төвлөрөл саарна.
Хоёрт, Сонгуулийн тухай хуулийн дагуу пропориональ системээр сонгууль явуулснаар нэг намын үнэмлэхүй эрх мэдэл буурч, парламентад олон намын оролцоо нэмэгдэнэ. Гуравдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтийн хүрээнд улс төрийн намуудад болон УИХ-д нийгмийн бүлгүүдийн оролцоо сайжирна. Эдгээр гурван реформын гол зорилго нь эцсийн бүлэгт төрд бугшсан авлигатай тэмцэх, ардчиллыг хамгаалахад чиглэгдсэн.
Үгэн дотор үг гэвэл Л.Оюун-Эрдэнийн Ховдоос илгээсэн хоёр дахь мессэж өнгөцхөн сонсоход бусад намуудад хандсан уриалга мэт боловч далд утгаараа цагаан байрны журмын нөхдөдөө хандсан үг юм. Үндсэндээ, жагсаалтын эхний тавд лавтайяа Төрийн ордонд суугаа өнөөгийн улстөрчдөөс багтаахгүй гэсэн санаагаа товч бөгөөд тодорхой илэрхийлж байна.
1.
Парламентын гишүүдийн тоо 126. Зовлонтой нь өөрийгөө ирэх сонгуульд нэр дэвшинэ гэж бат итгэчихсэн эсвэл намын жагсаалтад найдвартай бичигдэнэ гэж тооцож яваа горилогч нам, намд хар мянгаар бий. Намуудын дарга нар “алтан загас” бишээс хойно бүгдийнх нь гишүүн болох хүслийг биелүүлэх боломжгүй. Тиймээс хэн нэгнийг нэр дэвшүүлэх болон зайлуулахад хэлэх шалтгаан тэдэнд хэрэгтэй. Тэр тусмаа жагсаалтад багтахын тулд намуудын дунд, нам дотроо хөнжлөө жийлцэнэ. Нэг хэсэг нь баярлаж, нөгөө хэсэг нь нулимстай үлдэнэ. Зарим нь намынхаа хаалгыг савж, зарим нь намдаа хайр зарлана. Аравдугаар сарын 1-нд намрын чуулган нээлттэй хийхтэй зэрэгцээд ирэх оны сонгуулийг субботник болон сурталчилгаа албан бусаар эхлэх биз.
Сонгуулийн нэр дэвшигчдээ МАН Бага хурлаасаа тодруулж, намын үүрүүд рүүгээ үүрэг чиглэл өгдөг. АН-ынхан намын үүрүүдээсээ тодруулж, Үндэсний бодлогын хороо нь батламжилдаг.
Өмнө нь, 2012 оны сонгуулиар улс төрийн намууд намынхаа нэг, хоёрдугаар хүнээсээ эхлээд улс төрд удаан явсан, намдаа их хэмжээний хандив өгсөн “стратегийн ач холбогдолтой улстөрчид”-өө эрэмбэлж байсан. Жишээ нь, АН-ын жагсаалтад Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, М.Батчимэг, МАН-ын жагсаалтад Сү.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин,Д.Лүндээдорж, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Сарангэрэл нар эхний 10-т бичигдэж байв.
Тэгвэл ирэх сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ ч, Л.Гантөмөр ч жагсаалтын нэрээ бичүүлэхгүй, “тулаанд зөвхөн шонхорууд нисдэг” болохыг үлгэрлэнэ л гэж байна. Үнэндээ лидер хүн цэргүүдийнхээ урд явдгаас ард нууддаггүй.
Л.Гантөмөрийн зүгээс жагсаалтад намын удирдлагуудыг багтаахгүй байх, Л.Оюун-Эрдэнийн хувьд жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаах тактикаа дэлгэлээ. АН, МАН-ын жагсаалтын эхний 10 дотор бичигдэнэ гэдэг ногоон гэрлээр УИХ-ын гишүүн боллоо гэсэн үг. Тиймээс л жагсаалтын эхний арвын эрэмбийн үнэ тэнгэрт тулах нь тодорхой.
2.
Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн субботник нь нүүрсний хулгай. Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд Х.Нямбаатар ч нүүрсний сонсгол хийж, хүний, өөрийн дайснуудаа илчлэх биз. Ингэхээс ч аргагүй, авлигч, луйварчдаасаа салахгүй бол улс чинь уруудан доройтлоо шүү гэж Ромын Пап хүртэл тэндээс энд ирээд сануулчихлаа шүү дээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу