Даварсан дарга нарт даруулга болсон хуулийг санаачилсан Ерөнхий сайд

Юм нэг талдаа гарна гэдэг нь л болж байх шиг. Ерөнхий сайд ард түмнийхээ талд гарч, ард түмэн нь Ерөнхий сайдаа дэмжиж, шударга ёсны төлөөх тэмцлээ улам эрчимжүүлэхийг хүсч байгаа нь өнөөгийн нийгэм дэх жаахан ч гэсэн гэрэл гэгээ юм даа. Ерөнхий сайд, том дарга нарт, нэг утгаараа “найз нартаа” ад үзэгдэхээс үл эмээсэн удаа дараагийн зоримог шийдвэрүүд нь нийгэмд таалагдах гэсэн арга яавч биш.

Улс орноо аварч үлдэхийн тулд хийхээс өөр аргагүй зүйл учраас л хүчлэн зүтгэж байгаа хэрэг. Зарим хүн энэ нөхөр Ерөнхий сайдад бөхөлзөж, элдвээр магтаж далдганаж байна даа гэж хэлэх л байх. Баримтгүй, эш үндэсгүй гүтгэж, хардаж, эргэлзсэн өчнөөн үзэл бодол байж л байдаг.

Үүний дэргэд үнэнийг хэлж яагаад болохгүй гэж. Үнэнийг хэлэхэд яагаад бөхөлзөж мэхэлзсэн болох гэж. Тэгвэл бидний нүдэн дээр юу болоод байгааг сайн харъя.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж, авлигал хээл хахууль, төрд үүрлэсэн хулгай луйвартай эвлэрэхгүй тэмцэнэ гэдгээ зарласан юм.

Хоёр жилийн дараа 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгож, авлигын гэмт хэргийг илчлэн “шүгэл үлээж”, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг нийтийн албанаас “шүүрдэж”, хилийн чанадад оргон зайлсан авлигачдыг эргүүлэн авчрах “шувуу” ажиллагааг зохион байгуулж, оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг “шилжүүлэн авчирч”, төрийн байгууллагын ил тод, “шилэн” байдлыг хангах зорилго бүхий “5 Ш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

​Дээд шатнаас ажлыг эхлүүлэх хэрэгтэй байлаа. Тиймээс Нийтийн эрх ашгийг хамгаалах хуулийг санаачлан батлуулсан.

Ингэснээр төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглох болсон.

Эдгээр албан тушаалтнуудаас гадна УИХ-д суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарна. Ийм л хуулийг Ерөнхий сайд санаачлан батлуулсан.

Жирийн иргэд өөр хоорондоо ярьж байна. Дарга нар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг харааж байгаа байх даа, тэд идэх хулгайлах боломжоо алдсандаа харамсаж байгаа даа гэсэн өнгө аяс ч байна.

Энэ нь хэн нэгний мууг үзэх гэсэн юм яавч биш, төрийн өндөр албан тушаалд зүтгэж байгаа хүмүүсийг мохоож, төрд алба хаших итгэлийг нь унагах гэсэн ч биш байх.

Нийгэмд нэг л эерэг зүйл, төр иргэдийн итгэлцэл бий болж байгааг харж болно.  Юунд сайн хууль юм бэ гэж асууж болох юм.

Тэгвэл хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагтай болно. Ирээдүйд олон улс төрч, төрийн албан хаагчдыг болзошгүй авлигын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ, хамгаална.

Мэдээлэл ил тод, нээлттэй болж, иргэд мэдээлэлжин хэрсүүжих тусам авлигын систем задран унасаар байх болно.
Төрийн албыг төрлийн алба болгохыг хориглож чадна. Цаашдаа төрийн өмч, ажиллах хүчийг хувийн хэвшилд шилжүүлэх, төрийн албан хаагчийн цалинг нэгдсэн системд оруулж, бүтээмж, үр дүнд суурилсан өндөр цалинтай, цомхон чадварлаг нийтийн албан хаагчидтай байх суурь реформыг олон нийтийн идэвхтэй хэлэлцүүлэгт үндэслэн хийх боломж бүрдэнэ. Хандах зүг өөрөө тогтоно гэдэг шиг нийгмийн хандлага ингэж өөрчлөгдөнө.

Т.Санаа

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …