
Мэдрэмж гэж юу вэ. Өөр зүйл бодох гээд ч харахгүйгээр мэдрэх гэсэн энэ ойлголт толгойноос гарч өгсөнгүй. Тиймээс өөрөө туршиж үзэхээр шийдэв. Ингээд хэсэг нүдээ аниад үзлээ. Гэтэл хөөрхий утас тачигнаад нам гүмийг эвдчихлээ. Утсанд дуудлага биш бүр мессэж ирж байгаа нь тэр. Тэгэхээр харахгүй мэдрэх гэсэн хүсэл алга болж орхив.
Ийнхүү миний төсөөлөл сарниж яг орчинд нь очиж мэдрэх хүсэл төрснөөр харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 116 дугаар сургуулийн зүг чиглэв.
Чимээгүй дүнсийх гурван давхар саарал барилга. Уг нь сургуулийн хашаанд дөхөв үү үгүй юу хүүхдүүдийн цовоо дуу сонсогддогсон. Гэтэл энд тийм зүйл алга. Эл хуль, чимээгүй ноёлсон дүнсгэрдүү газар аж. Урдуур, хойгуур гүйлдэж, нэгнээ татаж чангаасан сахилгагүй хөвгүүд алга. Хоёр, гурваараа нийлэн амттан идсэн охид ч алга. Тэнд ер нь миний төсөөлсөн юу ч алга. Гэхдээ бие засах өрөө, сургуулийн цайны газрыг эс тооцвол шүү дээ.
Дотогш ороход хананаас эхлээд л бүх зүйл нь нэг л тийм өөр ертөнц. Хана дагуулан шатны түшлэгийн бариултай төстэй бариулууд байрлуулжээ. Хүүхдүүд түшиж явдаг бололтой юм. Харин шатны эхлэл хэсэгт тэгш өнцөгт хэлбэрийн товгор хулдаас наасан байх юм. Ийм зүйл дээр хөлөө арчдаггүй л байлтай гээд дотуур байрны багшаас нь асуутал “Хүүхдүүдэд өмнө саад ирж байгааг илтгэх тэмдэг болдог юм” гэх нь тэр. Миний толгойгоо гашилгаад байсан мэдрэмж энд гараад ирлээ. Энэ бол мэдэрхүй.
Ингэж явсаар дотуур байрны хэсэгт очиж, IV тасгийн хаалга татлаа. Спорт загварын хар шил зүүсэн жаал хүүтэй таарав. “2а ангид сурдаг. Хичээлээ тараад өрөөндөө найзуудтайгаа тоглодог. Манай өрөөнд дөрвөн хүүхэд байдаг. Би өрөөнийхөө хамгийн том нь” хэмээн хэвлүүхэн ярих жаал бол М.Баасандорж. Харин “аав, ээж нь хаана байдаг вэ” гэх асуулт хүүг эмзэглүүлсэн бололтой. “Манай гэр Эрдэнэтэд байдаг. Хол болохоор аав, ээж над дээр ойр ойрхон ирж чаддагүй ээ. Энэ шилийг аав авч өгсөн юм” гэж үе үехэн санаа алдах нь бяцхан амьтан гэрээ санаж байгаа нь тэр.
Монголдоо үйлдвэрлэсэн шинэ сурагчийн форм өмсч, тас хар шилээр гангарсан додигор, жижигхэн залуу.
Харин би л түүнийг хөнгөн гунигт автуулчих шиг болов. “Чи чинь өрөөнийхөө дүү нарыг харж ханддаг мундаг том ах биз дээ арай гэрээ санаад байгаа юм биш биздээ” гэж хэлэх гэснээ хэлээ хазлаа.
Ийнхүү хэсэг хором түүнтэй хөөрөлдөхөд манай хүн ариун цэврийн өрөө орох болж бидний уулзалт өндөрлөлөө. Би ч араас нь орлоо. Гэтэл багш “Манай хүүхдүүдийн 00-ийн өрөөний крант нь мэдрэгчтэй, гараа ойртуулахад ус гойждог” гээд л гайхуулах юм. Тэднийг дагаж явсан надад “Ашгүйдээ хүүхдүүд нэг ч болтугай зүйлийг хялбархан хийх нь” хэмээн баярлах сэтгэл төрж байсан юм.
Тэдний ариун цэврийн өрөө нь бие засах хэсэг, душ, угаалгын өрөө гэсэн гурван хэсэгтэй юм. Хүүхдүүд шүршүүртээ усанд орж харин угаалгын өрөөнд асрагч багш нар нь хүүхдүүдийн хувцасыг угааж өгдөг аж.
Түүнчлэн энэ өрөөнд цэцэрлэгийн хүүхдүүдийн угаалтуур шиг жижигхэн угаалтуур байх юм. Лавлаад асуутал хүүхдүүдийн хөлөө угаадаг угаалтуур юм байх. Сурагчид орой унтахдаа бүгд энд хөлөө угаадаг гэнэ. Бидний аялж яваа энэ хэсэг бол хөвгүүдийн тасаг. Эрчүүд л болсон хойно. Өлгүүрт хааш, яайш овоолсон хувцас, бүтээлгийг нь далий хураасан ор гээд л эрчүүдийн өрөөнд байдаг л энгийн үзэгдэл нүдний өмнө ил.
Харин охидын тасаг нэг л цэмцгэр бас гэгээлэг. Бүх зүйл эмх цэгцтэй. Ядаж л гурван давхрын эрчүүд шиг гадуур хувцасныхаа гадуур цагаан цамцаа өлгөчихөөгүй байна лээ. Цагаан даашинз, ягаан үсний боолтоор гангарсан тэд цаанаа л дэгжин.
Ингэж явсаар хайж байсан жинхэнэ мэдрэмжээ нүдээр үзэв. Жижигхэн өрөөнөөс гарах даралтат хөгжмийн чимээг чиглэн очтол дунд ангийн насны охин төгөлдөр хуур дарж сууна. Хар, цагаан товчлуурыг торолгүй дарж, бас нэрийг нь мэдэхгүй ч нэг сайхан аялгууг алдалгүй тоглож байна.
Гэхдээ хурднаас удаан, удаанаас хурдан руу шилжих үест товчлуураа хэсэг хайн тэмтчих нь өрөвдмөөр бас түүний сурах эрмэлзлэлээр бахархмаар санагдаж байлаа. Үнэхээр л тэд харах мэлмийнхээ дутууг зөн билэг мэдрэмжээрээ нөхдөг юм байна.
Бас нэг сонирхолтой зүйл. Тэдний сургууль спорт заалтай. Шар өнгийн зөөлөн зүйлээр хананы тал хүртэл доторлож хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангажээ. Гэхдээ л хараагүй хүүхдүүд яаж зааланд тоглодог байна аа гэх бодол зурсхийж байсан юм. Гэтэл тэд хэд хэдэн спортын төрлөөр хичээллэдэг юм байна. Түүнчлэн түрүүн таарсан төгөлдөр хуурч охинтой адил хөгжмийн авьяастнуудаас бүрдсэн амьд хөгжмийн хамтлаг ч бий гэнэ.
Гэхдээ сурах орчинг чадахаараа тохижуулж, тордож байгаа нь энэ сургуулийн багш, ажилчидтай салшгүй холбоотой. Тэд энд тэндхийн сайн дурын байгууллагууд, элчин сайдын яамуудын дэмжлэгтэйгээр өөрсдөө өрөө, тасалгаагаа тохижуулдаг юм байна.
Сурагчдад хамгийн хэрэгцээтэй сурах бичиг нь тун ховор. Брайль үсгээр бичигдсэн нь байдаггүй аж. Түүнийг багш нар өөрсдөө хийх зэргээр аргалдаг гэнэ. Харин уран зохиолын ном сурах бичигнээс элбэг байдаг гэнэ.
100 айлын барилгын материалын шавааралдсан хэдэн дэлгүүрийн ард нуугдсан тус сургууль руу хүрэх зам харааны бэрхшээлтэй тэдэнд байтугай энгийн бидэнд ч бэрх. Дэлгүүрийн үүдэнд овоорсон ачаа ачдаг портер машинууд, зогсоо зайгүй холхих хүмүүсийн хөдөлгөөн. Бас болоогүй бүгд гартаа ууттай хадааснаас эхлээд урт мод, том цонх, тэр ч бүү хэл урт хавтангууд барьсан нь тэдний хувьд бараг л дайны талбар болох биз. Тиймдээ ч тэдгээр хүүхдүүд тэр бүр сургуулиасаа гараад байдаггүй гэж байв.
Орчлон ертөнцөөс тусдаа гурван давхар саарал байшингийн дөрвөн ханан дундаас ховорхон гардаг тэдгээр хүүхдэд сурах бичгийг нь хийгээд өгөх буянтай хүн алга уу. Автозамаас сургуулийн хашаа хүртэлх 100 метр газрыг тэднийг явахад аюулгүй болгож засаж, янзлаад өгөх хүн алга уу. Эцэг, эх маань хол гэртэй, амьдралын боломж тааруу болохоор тэр бүр ирээд байж чаддаггүй хэмээн хуруугаараа оролдон байж санаа алдах жаалыг түр ч болтугай саатуулж чадах сургалтын орчинг бүрдүүлээд өгөх хэн ч алга уу.
М.Санчир
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл