Ж.Энхбаяр:Малын эм бэлдмэл, вакцины үйлдвэрлэлийг дотооддоо хийх зорилт тавьсан

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.08.20/ хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр сайдаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хөдөө аж ахуйтай холбоотой гол гол асуудлуудын талаар асууж тодруулав.

Тухайлбал, хамгаалагдсан аж ахуй, мал эмнэлгийн хорио цээр, эрүүл бүсүүдийг байгуулах, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-тэй холбоотой асуудлуудыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгасан, монгол малын махыг экспортлох боломжийг нэмэгдүүлэх, мал эмнэлэг, лабораториудын чанарыг сайжруулах талаар ямар ажил хийх, талаар асуусан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Хөдөө аж ахуйн салбарын өмнөө тавьж байгаа томоохон зорилт бол “Монгол мах” брэндийг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд гаргах. Үүнийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэлээн суурьтай тусгасан

Хамгийн түрүүнд мал эмнэлгээс асуудлаа эхэлнэ. Мал эмнэлгийн чанар үйлчилгээг сайжруулах хүрээнд таван бүсийг мал эмнэлгийн эрүүл бүс болгох, улмаар бусад бүс нутгаас бэлтгэгдсэн мал нь энэхүү хамгаалагдсан бүс, хамгаалагдсан аж ахуйн нэгжээр дамжин эрүүл ахуй, мал эмнэлгийнхээ бүх шаардлага үйлчилгээг хангаад улмаар махыг нь экспортод гаргах зохион байгуулалтыг хийнэ. Бидэнд яаралтай Биокомбинатаа шинэчлэх шаардлага үүсэж байгаа. Малын эм бэлдмэл, вакцины үйлдвэрлэлийг дотооддоо бүрэн хийх зорилт тавьсан. Мал, мах экспортлохын тулд тэжээлийн баазыг улс орны хэмжээнд өргөтгөх шаардлага байгаа. Бүсчилсэн тэжээлийн аж ахуйнуудыг бий болгох, газар тариалангийн бүс нутаг дахь таримлын сэлгээнд тарих тэжээлийн ургамлуудын нэр төрлийг олшруулах, үйлдвэрүүдийг итгэмжлэх асуудлыг эрчимтэй хийж байна. Хамгийн сүүлд махны нядалгааны гол үйлдвэрүүдэд халал стандартыг нэвтрүүлээд Арабын болон Төв Азийн орнууд руу гаргах хөнгөлөлттэй, хязгааргүй нөхцөлтэй гаргах боломжийг бий болголоо.

 

2023 онд 380-аад сая ам.долларын мах экспортолсон. Нийтдээ хөдөө аж ахуйн салбарт ноос, ноолуур, арьс шир, мах ороод 960 сая ам.долларын экспорт хийгээд байгаа. Бид экспортыг гурван тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Ингэхийн тулд эхлээд малын эрүүл мэндийн асуудалд анхаарч, лабораториудын, мал эмнэлгийн, Био комбинатын чадавхыг нэмэгдүүлж, бодлогоор хамгаалагдсан бүс нутгийг, аж ахуйн нэгжүүдийг бий болгох юм. Хөдөө аж ахуйн “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол махны салбарыг дэмжих бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил. Малчдаа хоршоолуулаад анхан шатаас нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлийг үйлдвэрлэлтэй нь, хөдөө аж ахуйн биржтэй холбох ажлуудыг хийхээр бэлтгэж байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн улс орны хэмжээнд маш идэвхтэй өрнөж байна. Энэ жил 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр тавигдсан бөгөөд энэ мөнгө бүрэн хоршоодод очсон. Малчдынхаа ид хоршиж байгаа идэвхийг дэмжин, хоршсон аж ахуйн нэгжийн хэлбэрээр зохион байгуулалтыг нь хангана. Тэдгээр хоршоодыг түүхий эд бэлтгэл, хөдөө аж ахуйн биржтэй нь холбох, үйлдвэрлэлтэй нь холбох, мал сүргийг эрүүлжүүлэх, бэлчээр хадлангаа бэлтгэх олон үе шатыг эрчимжүүлээд явах бололцоо бий.

Өнөөдрийн байдлаар бүгд БНХАУ руу Замын-Үүд боомтоор амьд малын экспорт хийж байгаа. Мөн баруун тал, зүүн талдаа шинэ гарц гарахаар төлөвлөж байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай манай улс 2 талын гэрээ хийх асуудал үндсэндээ шийдэгдсэн. Ингэснээр бид Төв Ази болон ОХУ-ын зах зээлд Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай 345 нэр төрлийн барааг татваргүй, гаалийн бага  татвартай, тарифын хязгаарлалтгүйгээр нэвтрүүлэх бололцоотой болно. Энэ гэрээ амжилттай хийгдсэн нөхцөлд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт томоохон боломж, орон зай гарна.

Ер нь манай салбарын бодлого гурван багцад нэгтгэгдсэн. Малчдаа нэг том зохион байгуулалтад оруулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, тариаланчид, ногоочдодоо зориулсан “Атрын 4 дүгээр аян”, үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор “Цагаан алт” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ гурван хөтөлбөрийн хүрээнд манай салбарын бодлого тодорхой болсон. Хийх ажлууд бодитой, холбогдох хуулиуд нь гарсан, эх үүсвэрүүд нь нэлээн сайн тавигдсан. Ирэх жилүүдэд хөдөө аж ахуйн салбар өрнүүн бүтээлтэй байхаар байгаа гэсэн хариулт өглөө.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа …