Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралд Төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү танилцууллаа.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн нээлттэй мэдээллийг өөрийн цахим хуудаст нээлттэй ил тод байршуулах үүрэгтэй.
Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
https://www.gov.mn/mn цахим хуудаст төрийн 6006 байгууллагын үйлчилгээ, мэдээлэл багтсан. Мөн төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээ мэдээлэл болон олон вэбүүдийг нэг дор багтаажээ. Цаашид төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болно.
Иргэд бүх шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой, Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хооронд эргэх холбоог сайжруулж, санал хүсэлт хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм.
Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар иргэдийн саналыг 1111@gov.mn хаягаар авна. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд хандаж болно.