“Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй” гэдэг. УИХ-ын гишүүнээр 2-3 удаа дараалан сонгогдсон, ярьж хэлэх бүрдээ “хулгай худлаас ангид, нэр цэвэр” гэж хэлэх, шударга улс төрчийн имижийг бүрдүүлэхийг зорьдог нэр бүхий УИХ-ын 2 гишүүнтэй холбоотой НОЦТОЙ мэдээллийг бид баримтанд тулгуурлан цувралаар хүргэхээр бэлтгэж байна.
Бидэнд байгаа эдгээр баримтууд нь тэдний ХЭН болох тухай “үнэн нүүр царайг” илчилж, тэднийг эрх мэдэл, албан тушаалаа хэрхэн ашиглаж хөрөнгөжсөн, ах дүү, амраг садан, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан яаж төсвийн мөнгийг “зувчуулж” ирсэн тухай “өгүүлэх” юм.
Товчхондоо тэдний тухай бид биш “БАРИМТ” ярих болно.
Энэ хоёр гишүүний нэг нь Булган аймагт 2016, 2020, 2024 онд МАН-аас дэвшин ялалт байгуулж, өдгөө УИХ-ын гишүүнээр нийт 9 дэх жилдээ сонгогдон ажиллаж байгаа Жадамбын Бат-Эрдэнэ бол нөгөөх нь Хан-уул дүүргээс 2 дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, ХҮН намын дарга, Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд нар юм.
Эхний удаад бид УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн тухай баримт түшин мэдээлэл хүргэе.
Ж.Бат-Эрдэнэ гишүүний намтарыг харвал тэрбээр 2007-2012 онд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан байдаг. Мань эр тэр үед буюу 2007 онд “Эм Эм Зэт Жэй” ХХК-ийг байгуулан хожим 2018 оны 03 сард өөрийн төрсөн ах Жадамбын Батсайханд хувьцаагаа шилжүүлсэн байна.
Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий “Эм Эм Зэт Жэй” ХХК дээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 06 сарын 15-ны өдрийн А-198 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 201189 тоот дугаар бүхий гэрчилгээг БОАЖ-аас гаргуулж авсан байдаг.