Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр” эхэллээ. “Түмэн тэмээний баяр-2025” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2025.02.01/ тус аймгийн “Говийн байгаль түүхийн музей-“д “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэн дэлгэгдлээ.
Үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс 80 гаруй гэрэл зураг болон, бусад бүтээлийг дэглэжээ. “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэнд дэлгэгдэж байгаа онцлог бүтээлүүдийг дурдвал СГЗ С.Борхүү, УГЗ А.Довчиндаваа нарын уран бүтээлүүдийг үзэгчдэд сонирхуулж байна.
Мөн Тэмээн соёл судалгааны холбогдолтой 14 ном, товхимлыг дэлгэн үзүүлж байна.
Говийн байгаль түүхийн музейн зохион байгуулагч Ц.Батзул “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Говийн байгаль түүхийн музей “Түмэн тэмээний баяр”-ыг тохиолдуулан түр үзэсгэлэнгийнхээ танхимд “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэнг гаргаад байна. Үзэсгэлэнд тэмээтэй холбоотой бүхий л төрлийн зүйлсийг харуулахыг зорьсон. Жишээ нь: Уран зураг, тэмээний түүхий эдээр хийгддэг бүтээгдэхүүн, тэмээнд хэрэглэдэг хэрэглэгдэхүүн, гар урчуудын урласан бүтээлүүд үзэсгэлэнгийн үеэр борлуулагдаж байна.” гэсэн юм.
“Тэмээн сүргийн говь” үзэсгэлэн 2 дугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ.
“Тэмээний баяр-2025” арга хэмжээний хүрээнд ингэний айргийн баяр, тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтууд болно. Энэ жилийн “Тэмээний баяр-2025” тэмээн сүргийн үржил, ашиг шимийг нэмэгдүүлэхэд олон талын оролцоог хангахад чиглэж байна. Мөн өвлийн аялал жуулчлалыг тэмээгээр дамжуулан хөгжүүлэх, өв соёл, уламжлалыг өвлүүлэн үлдээхэд чухал нөлөөтэй гэж зохион байгуулагчид хэлж байна.
“Түмэн тэмээний баяр” нь малчдын үйлдвэрлэл, тэмээнээс гарах түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой. Жил ирэх бүр гадна дотнын жуулчид нэмэгдэж, эрдэмтэн судлаачид “Түмэн тэмээний баяр”-ыг түлхүү сонирхож байна. Өмнөговь аймаг хамгийн олон тэмээтэй, өнгөрсөн онд 84 мянга 200 тэмээ тоолуулжээ. Галбын говийн улаан, Ханийн хэцийн хүрэн хоёр шилмэл үүлдрийн тэмээтэй.
Түмэн тэмээний баяр маргааш өглөө “Тэмээний аж ахуйн үйлдвэржүүлэх” хэлэлцүүлгээр эхэлнэ. Үдээс хойш тэмээн поло, Тором тэмээний уралдаан, Тэмээгээр гоёсон нутгийн иргэдийн жагсаалаар үргэлжилнэ.