Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 09-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод Оюутолгой болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц барихаар туссан.
Станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны зургадугаар сард зарласан боловч тендерт оролцогчдын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, санхүүжүүлэгчийг сонгон шалгаруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хавсралтад заасан Төв аймгийн Баян суманд байршилтай “Төгрөг нуур” нүүрсний ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
“Төгрөг нуур” нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “САМЕХ” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн болон бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Шаардлагатай тохиолдолд санхүү, эдийн засгийн шинжилгээний зөвлөх үйлчилгээ авахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, тус асуудлаар мэдээлэл солилцох, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр Британийн Виржинийн арлууд болон Кайманы арлууд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг, Бүгд Найрамдах Сингапур Улс зэрэг улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэлд, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын тогтоолд заасан ашигт малтмалын ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх асуудлыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг яаралтай боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд тус тус даалгалаа.