“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаа өнөөдөр /2025.05.01/ Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан зохион байгууллаа.
“Хэвлэлийн эрх чөлөө&сэтгүүлчдийн өнөөгийн байдал” сэдвээр “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, “Цогц хөгжлийн төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбадрал, ахлах судлаач Г.Доржтүвдэн нартай ярилцлаа.
Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан зохион байгуулсан тус уулзалтаар Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчдийн Монгол дахь нөхцөл байдлын тухай “Цогц хөгжлийн төв” ТББ, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй холбогдох асуудлаар “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн нар мэдээлэл өгөв.
Улсын их хурлын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, мөн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж буй цаг үед болж байгаагаараа тус уулзалт ач холбогдолтой болсон юм.

Уулзалтын үеэр “Цогц хөгжлийн төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбадрал: Сэтгүүлчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах чадавх сул байна. Үүнийг унагааж буй байдал өөрсдөд нь байна.
Уг нь бусад салбар, Олон нийтийн байгууллага, Төрийн бус байгууллагуудын институтийг бодвол эрх чөлөөгөө хамгаалдаг, нийгэмд нөлөөлдөг хүчтэй механизм сэтгүүлч нарт байдаг.
Сэтгүүлчдийн байгууллагууд нь ч тэр мэргэшсэн эрх зүйн хамгаалалтын байнгын механизмгүйгээс богино хугацааны “тэмцэл”, мэдэгдэл гаргахаас хэтрэхгүй байгааг дурдаж энэ талаар анхаарах хэрэгтэйг сануулсан юм.
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн II бүлгийн /2.3. ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ СЭТГҮҮЛЧИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ/ сэдвийн 2.3.2-д Сэтгүүлчийн хүний эрх хамгаалах үйл ажиллагааны хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг хөнджээ.
Тухайлбал,
Монгол Улсад хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвалжилж олж авах, эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулах, редакцын хараат бус байдлыг бий болгох, хэвлэл мэдээллийн салбарын бие даасан байдлыг улам бэхжүүлэх замаар сэтгүүлчид мэргэжлийн хүрээнд хүний эрх хамгаалах үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Хэвлэлийн эрх чөлөөний байдал Монгол Улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Тухайлбал “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэж дүгнэсэн бол 2024 онд Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг 51.34 оноотойгоор “муу” гэж дүгнэгдсэн бөгөөд 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан үзүүлэлт бөгөөд хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа улс орнуудын тоонд багтсан гэсэн үг юм.
Энэ үзүүлэлтэд улс төрийн нөхцөл, эдийн засгийн асуудал, эрх зүйн асуудал, нийгэм, соёлын нөхцөл байдал, сэтгүүлчдийн эсрэг дарамт шахалт зэрэг нөлөөлж байна гэж тайлбарлажээ.

